“Ипотекийн хөтөлбөр зээл авсан иргэн эргэн төлөлтөө хийснээр дараагийн хүнд зээлийн эрх нээгддэг тогтолцоотой”
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл дахин хойшлуулах эсэх саналыг УИХ-аас ажлын хэсэг гарган судалж буй. Тус ажлын хэсгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин сунгах шийдвэрийг үргэлжлүүлэх саналтай байгааг илэрхийлсэн. Шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэх юм. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил шахам хойшлуулсан. Гэтэл эрх баригчид эргэн төлөлтийг ахиад зургаан сараар хойшлуулах тухай яриад эхэллээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?
-Төр засаг хэт попорч, буруу бодлогыг хэрэгжүүлбэл нийт эдийн засагтаа хортой. Ипотекийн зээлийг авсан 400 гаруй мянган иргэн буюу 106 мянган өрх бий. Тэдний зээлийг хойшлуулбал нөгөө талдаа байгаа зээл авахаар хүлээж буй иргэдийн эрх ашгийг хохирооно. Өөрөөр хэлбэл, гурван сая гаруй иргэний ипотекийн зээлд хамрагдах боломжийг хулгайлж байгаа юм.
Ипотекийн хөтөлбөр зээл авсан иргэн эргэн төлөлтөө хийснээр дараагийн хүнд зээлийн эрх нээгддэг тогтолцоотой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эргэн төлөлт хийгдэхгүй байгаагаас шалтгаалж, мөнгөн урсгал нам зогссон.
Эрх баригчид үүнийгээ олж харалгүй Монголбанкыг зээл гарга гэж баахан шахсан. Үүнээс болж их хэмжээний мөнгө хэвлэж гаргаж, инфляцын дарамт үүсэх эрсдэлтэй болсон. Тиймээс л Монголбанк зээлийгхязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн.
Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжүүлж, утаа угаартай тэмцье, гэр хорооллыг барилгажуулна гэж төлөвлөж байгаа бол эргэн төлөлтийн хойшлуулалтыг дахин сунгаж болохгүй.
Эргэн төлөлтийг хойшлуулж, хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлнэ гэвэл Монгол Улсын валютын нөөцийг улам багасгахад хүрнэ. Нийт эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Төр иргэдийнхээ боломжийг хулгайлж болохгүй.
-Тэгвэл арилжааны банкуудад ямар эрсдэл дагуулах вэ. Хэрэвзээ банкны салбарт асуудал үүсвэл нийт эдийн засгаа татан унагах эрсдэлтэй?
-Банкуудын хувьд өөрсдийн эх үүсвэрээр гаргасан санхүүжилт харьцангуй бага. Сүүлийн 4-5 жилд 60/40-ийн харьцаатай буюу 40 хувийг банкууд гаргаж явсан. Сая 80/20 болголоо. Гэхдээ үүнээс хойш бодлогын хүүг нэмж 12 хувьд хүргэсэн. Тиймээс сүүлд гаргасан харьцаагаар ч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй.
Ипотекийн хөтөлбөрийг банкууд нийгмийн сайн сайхны төлөө төр засагтай хамтарч хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ хөтөлбөрийн үр өгөөж талаас харсан ч эргэн төлөлтийг дахин хойшлуулахгүй байх нь зүйтэй. Мөн цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ илүү зорилтот бүлэг рүү чиглэдэг болгомоор байна. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшин барьж байгаа, утааг багасгаж янданг цөөлж байгаа өрхүүдэд ч энэ зээлийг олгох хэрэгтэй. Эсвэл Улаанбаатарын төвлөрлийг бууруулж, орон нутагт орон сууц авч байгаа иргэдээ дэмжих нь зөв болов уу.
-Ипотекийн зээлийг хүүг 8-аас 4 хувь хүртэл буулгах тухай хүртэл яригдаж байна. Хэрэвзээ хүү буурвал иргэдэд ашигтай л байх. Гэхдээ эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй?
-Олон өрх ипотекийн зээл авсан байгаа учраас үүн дээр улс төрийн тоглолт хийх тохиолдол их гарч байна. Хөлөө дөнгөж олж байгаа энэ тогтолцоонд улстөрчид оролцсоноор эвдэж, хөтөлбөр цаашид үргэлжлэхгүй ч байж болох эрсдэлтэй тулгараад байна. Тэгэхээр ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд улс төрөөс ангид байлгаж, зах зээлийн зарчим руу ойртуулах шаардлагатай.
Саяхныг хүртэл зах зээлийн зарчим руу дөхөж ирж байлаа. Макро эдийн засгийн орчин тогтвортой, бодлогын хүү зургаан хувьтай байх үед 6 хувийн зээл олгох боломжтой нөхцөл байсан.
Харин одоо бодлогын хүү 12 хувь болсон үед зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг нь боломжгүй. Урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлсний дараагаар зээлийн хүү, эргэн төлөлтөд анхаарах нь чухал. Тиймээс энэ бүхнийг тооцож байж хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж харж байна.
-Арилжааны банкууд ипотек болон орон сууц, бусад урт хугацааны зээлүүдийг хязгаарлах болсон. Зээл хэзээ хэвийн олгогдох бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна?
-Макро эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, төлбөрийн тэнцэл дээр дарамттай, валютын нөөц буурсан хүнд байдалд байна. Дээрээс нь геополитикийн байдлаас шалтгаалж Монгол Улсад импортлогдсон инфляци байгаа. Ер нь дэлхий нийтээр хоёр оронтой инфляцитай байна. Хил гаалийн хязгаарлалт ч хэвээрээ үргэлжилж байна. Ийм нөхцөлд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй.
Бодлогын хүүг нэмнэ гэдэг зах зээл дээр нийлүүлэгдсэн байгаа мөнгөний хэмжээг бууруулах дохиог төв банк өгч байна гэсэн үг.
Банкуудын хувьд энэ дохионы дагуу л ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр байгаа хоёр гарын нэг нь хумих оролдлого хийж байвал нөгөө талдаа ч хэмнэх, хумих шаардлага үүснэ. Ингэж байж инфляцийг бууруулах үр дүнд хүрнэ. Тиймээс зах зээлийн зарчмаар л арилжааны банкууд ажиллаж байна.
-Гадаадын хөрөнгө оруулалттай банкыг оруулж ирэх талаар улстөрчид ярих болсон. Та ямар байр суурьтай байна?
-Хуулийн төслийн нэр нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэж байгаа. Тус хуулийн төсөлд гадаад, дотоодын гэж ялгасан зүйл байхгүй.
Хөрөнгө оруулалтын банкны орчин бол сонгодог утгаараа Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй.
Одоо байгаа төслийн тухайд сонгодог зарчим руу ойртуулахад нэлээдгүй ажиллагаа шаардлагатай. Үүнд Монголын банкны холбооны зүгээс хамтарч ажиллаж, сонгодог утгаар хөрөнгө оруулалтын банкны төгс эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллана гэж харж байгаа.