МИКЭдийн засагОнцлох

“Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулвал МИК-ийн хүлээх алдагдал нэмэгдэнэ”

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг ирэх 2023 оны эхнээс дахин хойшлуулахаар ярилцаж буй. Хэрвээ зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах шийдвэр гарвал эдийн засагт ихээхэн хүндрэл учруулах билээ. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.


“МИК 2021 онд 146.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан”

УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын ахлах зөвлөх Ш.Батцэнгэл:

Банк болон хувийн хэвшлийн байгууллага Монголын Ипотекийн корпорац (МИК)-ийн хувьцааны 82.74 хувийн эзэмшиж байна. Түүнээс гадна банк нь ипотекийн зээл гаргаж, хүүгийн орлого, МИК-ийн гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан бондыг худалдан авч, бонд эзэмшигчийн хувьд купоны төлбөр хэлбэрээр тогтмол орлого тус тус олж байгаа бол нөгөө талаас МИК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд ногдол ашгийн орлого олж байна.

Харин МИК найман хувийн ипотекийн зээлийн хүү, бондын хүүгийн төлбөр 2-ын зөрүүгээр ашиг олж, олсон ашгаа хуримтлуулан, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлж ажилладаг. Тус компани олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр 1,270.81 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн багцыг худалдаж авсан бөгөөд 2021 онд 146.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.

Найман хувийн хүүтэй/тогтмол төлбөртэй/ орон сууцны зээл, МИК-ээс гаргасан бондын купон нь хэрэглээний үнийн индексийн зорилтот түвшнээс хэтрэхгүй байгаа нь МИК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд арилжааны банкны ипотекийн зээл дэх ашиг сонирхол өндөр, мөн тус зээл нь эрсдэл багатай байдагтай холбоотой.

Цаашид геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалсан улс орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилж, дотоодын эдийн засаг дахь үнэ, ханшийн өсөлтөд үзүүлэх дарамт хэвээр байвал Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого баримталж ажиллана.

Энэ нь ипотекийн зээлийг Монголбанкнаас арилжааны банкинд олгохгүй байх шийдвэр гаргахад хүргэнэ. Түүнчлэн 2021 оны жилийн эцсийн байдлаар хойшлуулсан ипотекийн зээлийн үлдэгдэл нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 80 гаруй хувийг эзэлж байна.

Ийм нөхцөлд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулвал МИК-ийн хүлээх алдагдал нэмэгдэх, улмаар арилжааны банкнаас худалдаж авах орон сууцны зээлийн багцын хэмжээ буурах, үүнтэй уялдуулан арилжааны банкны ипотекийн зээлийн нийлүүлэлт, купоны орлого, ногдол ашиг хумигдах зэрэг ашиг, орлогын өсөлтөд сөргөөр нөлөөлөх үр дагаврууд гарч ипотекийн зээлийн тогтолцооны хэвийн үйл явц доголдоно. Мөн барилгын салбарын борлуулалт багасч, эдийн засаг дахь худалдан авалт, борлуулалтын нийт хэмжээ буурах нөхцөл байдал бий болно.

“Ипотекийн зээл авч чадахгүй байгаа нь эх үүсвэртэй холбоотой”

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн:

-Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг ярихад хэд хэдэн зүйлийг авч үзнэ. Нэгд, эргээд хойшлууллаа гэхээр 2023 онд нийт хэр хэмжээгээр ипотекийн хөнгөлөлттэй зээл өгөх вэ гэдэг асуулт бий. Энэ зээлийг авч чадаагүй, авах хүсэлтэй, шаардлага хангасан олон залуус байна. Даанч авч чадахгүй байгаа нь эх үүсвэртэй холбоотой.

Хэрэв төлөгдөөд ирвэл энэ хэмжээгээр 2023 онд ипотекийн гарах зээлийн эх үүсвэр баталгаажиж, тэр хэрээр ипотект огт хамрагдаж байгаагүй залуучуудад боломж бүрдэнэ.

Хоёрт, инфляци буюу 2023 онд баримтлах мөнгөний бодлого. Хэрэв ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулаад, Монголбанкнаас үргэлжлүүлэн гаргана гэвэл өнөөдөр байгаа мөнгөний бодлогын зорилттой буюу инфляцийг өдөөх чиглэлд явна гэсэн үг. Харин төлөлт хийх хэмжээгээр зээл гаргах үед мөнгөний бодлоготой уялдаж, тэр хэрээр эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлтийг бууруулахад бага ч гэсэн нэмэр оруулна.

“Эргэн төлөлтийг хойшлуулах нь эдийн засгийн хувьд маш муу нөлөөтэй”

Эдийн засагч Ч.Отгочулуу:

-Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь эдийн засгийн хувьд маш муу нөлөөтэй. Учир нь зээлийн суваг бөглөрсөн байдал улам хүндэрнэ. Зээл эргэн төлөгдсөнөөр дараагийн ээлжийнхний зээл авах эрх нээгдэнэ. Ингэснээр барилга ба банкны салбарт үүсээд буй түгжрэл арилна. Одоо хүндрэлийг түр хойшлуулж байгаа ч хямралыг улам ужиг аюултай болгоно. Мэдээж зээлийн зарим хэсэг муудна. Гэрээг хойшлуулах тусам энэ муудах тоо хэмжээ сансрын хурдаар өснө.

Г.Туяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version