УИХFocus

“Монгол Улсын хилийн бүсийг нааш нь татсан, дахин өөрчлөх асуудал байхгүй”

“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар болон АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Занданшатар “Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хоёр талын гэрээ болон НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хил халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу ташаа мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор өнөөдрийн хэвлэлийн хурлын хийж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал халдашгүй дархан байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал болон хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсан заалтыг мушгин гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай уг тогтоолыг ХХЕГ, Геодизи, зураг зүйн газар, БХБЯ болон холбогдох тусгай алба, нарийвчлан шинжилж судалж байгаад оруулж ирж, улсын тусгай хэрэгцээнд буюу улсын мэдэлд авсан. Зорилго нь тодорхой.

Улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь төрийн мэдэлд авч, хилийн зурвас газар, хил орчмын бүсэд зөвшөөрөлгүйгээр хувийн болон ААН-д газар эзэмшиж, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Ингэхдээ зөвхөн УИХ-аар шийдвэрлүүлдэг байх эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн.

Өмнө нь орон нутгийн хилийн байгууллага болон аймаг орон нутгийн тохиролцсон гэрээгээр хилийн бүсийг тогтоож, газар эзэмшиж, ашиглах асуудалд харилцаа үүсэж байсан зэрэг зөрчил, дутагдлыг ийнхүү таслан зогсоож, хилийн бүсэд хилийн халдашгүй дархан байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү тусгай хэрэгцээнд авч, тогтоолыг баталсан юм. Түүнээс биш, улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямар нэгэн үйлдэл, эрх зүйн акт гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан  “Хилийн бүсийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоол нууцын зэрэглэлтэй орж ирсэн. Монгол Улсын хилийн бүсийг нааш нь татсан, дахин өөрчлөх асуудал байхгүй. 

Манай улс БНХАУ, ОХУ-тай хилийн маргаангүй. Урд хилээ НҮБ-аар баталгаажуулсан учир хилийн тор, багана, координат хөдлөх ямар ч асуудал байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Орон нутгийн эрх мэдэл бүхий дарга нар хилийн бүс рүү тэлж газар олгосон, суурьшлын бус бүс бий болгосон асуудлууд байгаа. Тийм учраас улсын тусгай хэрэгцээнд авахгүй бол болохгүй. Ганц манайх ч авдаг биш.

ОХУ 1958 онд хилийн гэрээ байгуулахдаа өөрийн газар нутгийн 15 км-ийг, БНХАУ 25 км-ийг улсынхаа тусгай хэрэгцээнд тус тус авсан.

Манай улсын хувьд тусгай хэрэгцээнд авах хуультай, түүнийгээ УИХ-ын тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Хилийн бүсийг хөдөлгөж ашигт малтмалын лиценз авах гээд буй асуудал байхгүй.

Дархан цаазтай, тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээний газрууд хуулиараа зохицуулагддаг. Хилийн 15 км доторх газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм. Монголчууд газар шороондоо хайртай хүмүүс учир зөв мэдээлэл өгч байх хэрэгтэй” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version