Мөрдөн шалгах ажиллагаанд 719 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 40 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 719 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Сэлэнгэ аймгийн сумын удирдах албан тушаалтан “Т” нь хахууль авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтан нь Шуурхай удирдлагын төвийн удирдах албан тушаалтантай хамтран албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авдаг гэх;
- “А” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, төсөвт хохирол учруулсан гэх.