Гадаад харилцааОнцлох

Ногоон дэлхийн төлөө Монгол- Хятадын сэтгүүлчид нэгдлээ

“Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” уриатай Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн ХIII дахь форум өнөөдөр /2022.12.23/ “Блью Скай” зочид буудалд зохион байгуулагдлаа.  

Тус форумд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Экологи, байгаль орчны яам, БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Ардын засгийн ордон, хэвлэл мэдээллийн байгууллага болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МСНЭ-ийн төлөөллүүд оролцож, хоёр улсын байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг ярилцав.

Хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Монголоос Өнөөдөр сонин, UBS телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд Хятадын талтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэндчилгээг хүргэсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Энэ удаагийн форум нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байгаа энэ цаг үед тохиож байгаагаараа онцлог юм. Хоёр орны төрийн тэргүүн нар айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд энэ үеэр хоёр орны найрамдалт харилцааны талаар олон чухал асуудлыг хөндөж ярилцсан. Үүний дотор байгаль орчны чиглэлд хоёр улс хамтран ажиллахаар тохиролцсон нь онцгой чухал үйл явдал болсон” гээд, “Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон энэхүү үйл хэрэг амжилттай хэрэгжиж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид идэвхтэй гүнзгийрэн хөгжихөд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг оролцон мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр хэлэхдээ “Манай орон байгалийн нөөцөө хамгаалахгүй бол 2030 он гэхэд нөөцийн хэмжээ эрсдэлтэй хэмжээнд хүрнэ. Иргэн бүр байгальд ээлтэй, зөв амьдралын дадалтай болох шаардлагатай. Монгол Улс газар нутгийн байрлал, цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн эмзэг 10 орны нэг. Улс даяар 136 станц шар шорооны хэмжилт хийдэг бөгөөд 2007 оноос Хятад улсад мэдээллээ дамжуулж эхэлсэн. Цаашдаа энэ шар шорооны асуудлыг багасгахын тулд говийн бүс нутгийн ургамлан нөмрөг, хамгаалалтын ойн зурвасыг нэмж, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Форумын үндсэн илтгэлийг Монгол Улсын талаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын талаас тус улсын Экологийн орчны сайд Хуан Рүньчю нар тавьсан юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Хүн төрөлхтөн байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан үйлдэл хийсээр ирсэн. Хэт их хөгжил рүү тэмүүлж, эдийн засаг, үйлдвэржилтдээ анхаарсаар байгалийн баялаг нөөцөө шавхаж, амьдарч буй газар нутгаа сүйрүүлжээ. Сүүлийн үед тулгамдсан асуудлыг хөндөхөд хүнсний аюулгүй байдал хамгийн том асуудал болж байна. Бид 2030 он хүртэл энэ хэвээр явсаар байвал 2050 он гэхэд дэлхий мөхлийн аюулд хүрэх магадлалтай гэж дэлхийн эрдэмтэд тогтоосон”-ыг дурдлаа.Хоёр орны сэтгүүлчид харилцан зорчиж, байгаль хамгаалах чиглэлээр тус тусын улсын хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагааг газар дээр сурвалжлан туршлага болгохоор зорилгоор хамтран ажиллахаар тогтлоо. Энд оролцож буй БНХАУ-ын Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Лю Сы-Ян, энэ удаагийн форум байгаль орчин, экологийн чиглэлээр, өндөр ач холбогдолтой болж буйг онцоллоо. Монгол Улсын төрийн тэргүүн БНХАУ-д айлчилж, хоёр орны байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахад маш их ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлж байв.

Мөн БХСН-ийн Нарийн бичгийн дарга Тянь Юйхун БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны мэндчилгээг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, “Экологи, байгаль орчин бол хүн төрөлхтний оршин амьдарч хөгжихийн үндэс суурь бөгөөд ногоон дэлхийг бүтээн байгуулах явдал нь хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл юм. Уг форум ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе уриан дор болж байгаа нь ногоон дэлхийг хамтдаа байгуулах гэсэн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон салбарынхны үүрэг хариуцлагыг тодотгон харууллаа. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ухуулан сурталчлах, экологийн соёлын бүтээн байгуулалтыг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн байгуулалтыг урагшуулахад нааштай үүрэг гүйцэтгэх болно” гэв.   

Форумд оролцогсод “Байгаль орчны мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цэвэр үзэсгэлэнтэй дэлхийг хамтаар цогцлооё”, “Байгаль хамгаалах үйлст хэвлэл мэдээллийн салбарын гүйцэтгэх үүрэг”, “Сэтгүүлч ногоон дэлхийг хамгаалахад гүйцэтгэх үүрэг хариуцлага”, “Байгаль орчны чиглэлээр мэдээ, нийтлэл бэлтгэхэд тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр үг хэлж, экологи, байгаль орчны хамгаалллын салбар дахь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн төлөв, боломж зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

1 / 7

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version