УГТЭ олон улсын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэв
УГТЭ-ийн чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ. Тус эмнэлэг 2022 онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн зорилтын хүрээнд өөрийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн, үйлчлүүлэгч төвтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд манлайлах зорилгоор чанарын менежментийн Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2021 оноос эхлэн зорилтот үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласан билээ.
Тус эмнэлгийн нийт хамт олон ISO 9001 стандартын шалгуурыг хангахад чиглэсэн 35 бүлэг, 44 зорилтот ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажилласны үр дүнд 2022 оны 12 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Стандарт хэмжил зүйн газрын хөндлөнгийн аудитын багийн анхдагч аудит хийгдэж, тус эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ болох амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, сувилахуй, эм зүй, эмнэлгийн халдвараас сэргийлэх болон эмнэлгийн хоол үйлдвэрлэл зэрэг эмнэлгийн бүхий л тусламж, үйлчилгээний чиглэлд үл тохирлын тохиолдолгүйгээр үнэлэгдэн, 9001:2015 Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээ гардан авах боломжтой боллоо.