НийслэлFocus

Тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна

Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан эхэлснээс хойш иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх ажлыг нийслэлийн холбогдох газрын албан хаагчид гүйцэтгэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хүмүүс олон, хөл хөдөлгөөн их учир төв талбайн хогийг цэвэрлэх 18 хүнтэй бригад хоёр ээлжээр 06:00-22:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хог хаягдал их байна. Мөн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн цас цэвэрлэх ажилд бага зэргийн хүндрэл учирсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Талбай дахь нийтийн бие засах газар өчигдрөөс эхлээд 24 цагаар ажиллаж, үйлчлэгч, холбогдох ажилчид нь хоёр ээлжээр цэвэрлэгээ хийж байна” гэлээ.

Төв талбайн цэвэрлэгээг хийж буй Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ц.Төмөр “Би 06:00 цагаас эхлээд ажиллаж байна. Ер нь жирийн өдрүүдтэй харьцуулахад ачаалал ихэссэн. Жагсаал цуглаантай холбоотойгоор хог хаягдал их болохоор бид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн гарсан хог хаягдлыг өдөрт гурван удаа тээвэрлэж байна. Гэхдээ жагсаж байгаа хүмүүс хогоо бөөгнүүлээд тавих зэргээр ухамсартай хандаж байгаа учир хүндрэл учрах нь бага” хэмээв.

Мөн нийтийн эзэмшлийн талбайн цасыг цэвэрлэж байгаа Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Б.Буяндалай “Талбайн цасыг уг нь камаз машинаар хусаж арилгадаг. Гэхдээ жагсаал болж байгаа, бас сүлд мод зассан учир тэгэх боломж алга. Олон хүний хөлд дагтаршаад эхэлж байгаа цасыг төмөр шүүртэй машинаар цэвэрлэж байна” гэж онцолсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version