“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгалаа.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, өр төлбөрийг бууруулах, улмаар валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Цаашид тус “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах зорилгоор тус компанийн уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлан болон одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр ашгийг үнэлэх, дүгнэлт гаргах шаардлагатай байгаа юм.
Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.
Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр тус Ажлын хэсгийг байгууллаа.
Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын бүх гэрээг албан ёсны сайтад байршуулна
2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Эдгээр гэрээг тус компанийн албан ёсны сайтад байршуулаад буй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна” гэлээ.