НийгэмОнцлох

Төрд хэлэх үг

Төрийн төлөө боож үхсэн

Тал хээрийн хөх чоно би

Түмэн наст тулгар их заяат төр чамд

Түнэр харанхуйгаас би үүнийг бичлээ.

Янгуучилж чамд өвчин тоочиж яваагүй

Ядарсан ардынхаа түмэн гачлангаас

Тэвчиж болдоггүй тэрсэлсэн хилэнгээс

Төрийн нохойд чинь зуулгаж чамд би үүнийг илгээлээ.

Өртэй юм шиг ээж минь чамд

Өглөө болгон цацлаа өргөсөөр

Өргөсөн сүү нь тэргүүнд нь эргэсээр

Өдөр өдрөө санчиг нь сортож хөгширлөө.

Төрөө хүндэл гэж аав минь зандарсаар

Таван малаа адгуулж амьдарсаар

Түмэн амлалтыг чинь надаас өмөөрсөөр

Таяг тулан аав минь хөгширлөө.

Амьдралын эрхээр эгч минь зайлуул

Алс орныг зорьсон ч

Үхсэн амьд нь үл мэдэгдэж

Үлдсэн насыг нь тэнгэрт даатгасан.

Чи сураглаагүй

Эхнэрээ санасаар нөхөр нь зайлуул

Эхүүн үнэртийг хүртэж яваад

Элэг нь хатуурч, өвчин тусаад

Эмнэлгийн орон дээр амьсгаадан ёолон хэвтэж байна.

Чи тэрийг ялсан

Чамтай хамт мэндэлсэн хонгор хүү нь

Чадал тэнхээтэй сайхан эр хүн болсон ч

Бурхан буян хоёр луугаа буу шагайсан

Бусармаг сэтгэлтэн болж өндийсөн.

Чи тэрийг ялласан.

Толгой, гавлыг нь тасдсанаас болоод

Тал нутаг минь амьсгалах төдий байна

Голынх нь судсыг ханаснаас болоод

Галав юүлээд нутаг минь цөлжиж байна.

Чи намайг мод тарь гэсэн.

Хөгжил гэж чи олон жил хашхирлаа

Харийн соёлд нуруу холгон зүтгэлээ

Эгэл ардын итгэлт дээр чи олон жил дэвхэцлээ

Эмтэрсэн сэтгэлээр бид шархалж хоцорлоо.

Цацсан шагай шиг цөөхөн монголчууд

Цагийн эрхээр харьд зүдэрлээ

Ясаа тавина аа, нутагтаа очиж гэсэн

Ядруухан бодлоо тээж л явна тэд чинь.

Өнгө тунамал хацар гоо охид чинь

Өнгөт луугийн оронд түм бумаараа байна

Өмөөрч харамлах төр чамайг хүсэмжилж

Өстөний чинь өвөрт хөлөрч хэвтэнэ

Чи даанч харамлаагүй.

Агуу түүхтэй Чингисийн Монголчууд

Адгууснаас дор үнэ цэнэгүй явна

Алдаатай чиний хуурамч хуулинд

Аргамжаатай ботго шиг бүртэлзэн эргэнэ

Ардчиллын буян гэж бүү эндүүрээрэй

Амьдрахын эрхэнд дөнгөтэй явна, ард түмэн чинь

Эрх чөлөөт нийгэм гэж бүү андуураарай

Эвлэрлийн хүлээсэнд бэдэрч л явна, түмэн чинь

Алтан төрийн эсэн сэнтий гэдэг

Аливаа хүмүүний тоглоом биш

Арсалдаж хувааж зоолон таргалах

Адгийн сэтгэлтэний зөөлөн жинтүү биш

Зул бөхийн алдад бадамладаг

Зовсон түмэн цөхрөхийн өмнө тэрсэлдэг

Зөв ухаанаар удирдаж эс чадвал

Засгийнхаа хоолойд мэс хүргэдэг түүхтэй.

Номгүй мунхаг юм даа гэж бүү басамжил ард түмнээ

Ноцохын өмнө дүрэлзэж мэднэ шүү

Дуусашгүй дундаршгүй гэж бүү төсөөл баялгаа

Дуусахын хавьд галав юулнэ.

Буцалсан цайнд гал нэмбэл дэврэх адил

Бухимдсан ард хилэгнэх учир

Буруу зөв хоёроо эс тунгаавал төр минь

Бурхан байсан ч чөтгөр шиг догширч мэднэ

Айл тарах вий гэж аав байдаг юм

Адуу сарних вий гэж азарга тавьдаг

Төр гэнэдэх вий гэж түшээд залардаг

Тархиндаа сайн тунгаан бодоорой

Нүцгэн хааныг хараад би хувцастай гэж хэлэхгүй

Нүгэл мөхлийн дэргэдүүр би нүдээ аниад өнгөрөхгүй

Харцын хүүхдэд хатуу заалттай хуулиас чинь би айхгүй

Харийн  соёлыг шүтэж чам шиг би долигнохгүй.

Ичих нүүрээ чи элгэндээ тэврээд

Идэж ууснаа та нар дансандаа хийгээд

Энэ цагт үгүй юмаа гэхэд

Эргэийн үүдэнд

Эргээд би чамтай заавал уулзах болно.

Он цагийн урсгалд нэгэн хэмнэлээр явъя гэтэл

Орог саарал чоно цээжинд улиад болдоггүй

Орчлонгийн талыг би ганзаганаасаа чирч явсанаа санахаар

Омойтох араншин зүрхэнд дүрэлзээд амраадаггүй.

Сохорын газар сохор биш нүдтэй явахыг л хүснэ

Доголонгийн газар доголон биш хөлтэй байхыг хүснэ

Хөрс шороо, газар нутагтаа эзэн нь байхыг хүснэ

Хэлсэн андгай тарахдаа үнэнч явахыг хүснэ.

Янгуучилж чамд өвчин тоочиж яваагүй

Ядарсан ард түмнийхээ түмэн гачлангаас

Түмэн наст тулгар эх заяат төр чиний

Баруун сонорт чинь

Босоо монголчууд хүргэж байна.

Мөр мөрөөр бичсэн шүлэг минь

Мөч мөчөөр цаг хугацааг өртөөлж

Мөдхөн төр чиний сонорт хүрэх болтугай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version