Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Уг хөтөлбөрийн хүрээнд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гурван томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Хүрсэн үр дүнг цаашид үргэлжлүүлэх талаар оролцогч байгууллагуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд хоорондоо уялдаа бүхий гурван төсөл хэрэгжүүлсэн. Үүнд:
-ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлсэн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл;
-НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн Хотын засаглалыг сайжруулах төсөл;
-Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн Иргэдийн оролцоо төсөл тус тус хэрэгжлээ.
Хөтөлбөрийн талаар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри “Сайн засаглал нь улс орны хөгжлийг урагшлуулах том хүчин зүйл. Ийм учраас ч Швейцарын хөгжлийн агентлагаас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү төслийн зарим үр дүнг онцолбол, нэг цонхны үйлчилгээний төвийг өргөжүүлсэн нь бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөөр байна. Хөтөлбөрийн чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цаашид үргэлжлүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна. Бид өөрийн улсын болон олон улсын сайн туршлага, техник туслалцаа үзүүлэх зэргээр хөтөлбөрийн гурван үе шатанд нийт 17 сая швейцар франкийн дэмжлэгийг үзүүлсэн. Монголын талын хамтрагч байгууллагууд болон Азийн сангаас өнгөрсөн хугацаанд тодорхой санхүүжилтийг гаргаж, хамтран үр дүнтэй ажилласан” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Төвлөрлийг сааруулах гэдэг ойлголт маань улс орны түвшин болгонд төрийн байгууллагын чиг үүргийг хэрхэн хуваарилсан тухай юм. Засгийн газар эрх мэдлийг орон нутагт өгөх үйл явц хэрэгсэн. Орон нутгийн удирдлагуудад санхүүгийн болон шийдвэр гаргах эрх мэдлийг өгснөөр төвлөрөл саарч байна гэж хэлж болно. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр бол нэлээд ажил хийгдээд явж байгаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотын засаглалыг сайжруулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжсэн. Засаглалын хувьд төвлөрлийг сааруулна гэдэг нь төрийн үйлчилгээ зөвхөн нэг байгууллагад төвлөрч байсан бол одоо нэгж бүрд тарж, иргэдэд үйлчилгээ хурдан шуурхай хүрэхийг хэлнэ. Ингэснээр нийслэлийн 95 үйлчилгээг цахимжуулсны дотор зөвшөөрөлтэй холбоотой 74 төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Бид өмнө нь хорооноос үйлчилгээ авч мэддэггүй байсан. Энэ бүх үйлчилгээ цахимжиж, иргэн хорооноос үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн нийслэлийн нэг цонхны үйлчилгээний төвүүдэд хандаж бүх үйлчилгээг авч байна. Энэ бүхэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй ЗГХЭГ, НЗДТГ, Азийн сан хамтран ажилласны үр дүн юм. Энэ үр дүн иргэдэд бодитойгоор хүрч буй. Засаглалыг сайжруулна гэдэг дуусдаггүй, байнгын аялал. Энэ чиглэлд нийслэл албан хаагчдаа чадавхжуулах төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран энэ жилээс хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөр 2012 оноос эхэлсэн. Мэргэжилтнүүд Монгол Улсад ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар судалгаа хийсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд гурван төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлсэн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн Хотын засаглалыг сайжруулах төсөл, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн Иргэдийн оролцоо төсөл хэрэгжсэн.
Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл маань төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай санхүүжилтийг тухайн төсөл дээр олгож байгаа эсэх асуудлыг шийдэхээр ажилласан. Гол хуулиудад зохицуулалтаа оруулаад, амжилттай явж байгаа. Цаашид батлагдсан хууль бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажил нь төр засгийн үүрэг болоод байна.
Хотын засаглалыг сайжруулах төсөл маань нийслэлийн иргэдэд хүрч чадахгүй байгаа үйлчилгээг хэрхэн сайжруулах тухай юм. Тухайлбал, иргэний үнэмлэх авах үйл явцыг цахимжуулаад, хорооноос авдаг болсноор зарим тохиолдолд нэг өдрийн дотор авах боломж бүрдсэн. Мөн иргэдэд үйлчилж байгаа төрийн албан хаагчийн чадавхи сайжирч байж засаглал сайжирна. Иймд төрийн албан хаагчийн чадавхийг сайжруулах үүднээс маш олон ажлууд хийсэн.
Иргэдийн оролцоо төслийг бол Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн. Ингэхдээ ихэвчлэн залуучуудыг хамруулсан. Залуус нийгмийн оролцоонд идэвхгүй байсан учраас өөрсдийнх нь оролцоог дэмжсэн жижиг төслүүдийг хэрэгжүүлсэн. Мөн дөнгөж сургуулиа төгссөн залуу сэтгүүлчдийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлсэн. Тэд маань өөрсдөө “Төгсөгчдийн холбоо” байгуулаад, үйл ажиллагаа нь тогтвортой болоод явж байгаа.
ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлсэн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл
НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн Хотын засаглалыг сайжруулах төсөл
Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн Иргэдийн оролцоо төсөл
П.Нарандэлгэр