Гадаад харилцааОнцлох

Турк улстай арьс ширний салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

Турк улсын Худалдааны танхим, Биржүүдийн холбооны төлөөлөгч нар манай улсад ажиллаж, Дарханы Арьс ширний цогцолборт хөрөнгө оруулах боломжийн талаар судлав.

Тодруулбал, тус улсын Танхим, Биржүүдийн Холбооны Арьс ширний салбар танхимын дарга Эрсин Кашка Монгол Улсад зочилж ХХААХҮЯ-д хоёр талын уулзалт хийж, “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын хүрээнд өдөрт 17.6 мянган ширхэг арьс шир, жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах хүчин чадал бүхий нийт 5 үйлдвэр, өдөрт 3300 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж буйг “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Гансүх танилцууллаа.

Тус цогцолбор нь Дархан хотын үйлдвэрийн бүсэд байрладаг, одоогоор 15.9 га газрыг арьс ширний үйлдвэрийн цогцолборын зориулалтаар олгоод байна. Технологийн хувьд байгаль орчинд ээлтэй, хаягдлаа дахин боловсруулдаг, цэвэрлэх байгууламж нь орчин үеийн шийдэлтэй, Монгол Улсын байгаль орчны стандартыг хангасан ногоон эко үйлдвэрлэл байхаар төлөвлөжээ.

Туркийн тал Дарханы арьс ширний цогцолборт хөрөнгө оруулах боломжийн талаар судаллаа.

Туркийн тал тус бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг Танхимынхаа нийт гишүүн байгууллагад танилцуулж, хүргүүлэх, цаашлаад хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Үүний тулд хөрөнгө оруулалтын орчин чухал гэдгийг тэмдэглэсэн юм. Тэрбээр, арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтад өөрсдийн хуримтлуулсан туршлага дээр үндэслэж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

ХХААХҮЯ-нд болсон уулзалтаар Монгол, Турк улсуудын арьс ширний салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version