Боловсрол, шинжлэх ухааны яамны Жендэрийн салбар зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Канад улсын Гадаад хэргийн яамны MERIT төслийн “Эмэгтэйчүүдийн манлайллын туршлага солилцох нетворкинг” ээлжит уулзалт боллоо. Уулзалтад шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл 20 эрдэм шинжилгээний ажилтан оролцлоо.
Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Катерин Ивкофф зочин илтгэгчээр оролцов. Тэрбээр Канад улсын жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон өөрийн карьерийн замналын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Оролцогчид жендэрийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр амжилтын түүх, тулгарч буй асуудлын талаар халуун дотно яриа өрнүүлсэн нь цаг үеэ олсон уулзалт болсныг онцолж байв.
Энэ удаагийн уулзалт Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой юм.