Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Унгар – Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэв

Бүгд найрамдах Унгар улстай найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Унгар, Монгол эрдэмтэд хоёр улсын шинжлэх ухааны салбарын 2022 үр дүнг хэлэлцэх уулзалт боллоо. Унгар улс 11 дүгээр сарыг “Шинжлэх ухааны сар” болгосонтой холбоотойгоор зохиогдсон тус уулзалт хэлэлцүүлгээр энэ онд хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүн, цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцав.

Уулзалт хэлэлцүүлгийг Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Обрушанский Борбала Анна нээж, Унгар улсаас Унгар судлалын хүрээлэнгийн захирал Лугошши Габор, Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит Элтэ их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын элч, доктор, профессор Бирталан Агнеш, нар цахимаар оролцсон юм. Энэ үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Сан хөмрөг, лабораторийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Мандах  “Ар гүнтэд малтан судалсан Хүннү ба булшны палеозоологийн судалгааны урьдчилсан дүн”, Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж “ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс БНУУ-ын ШУ-ны байгууллагатай хамтран 2022 онд хийсэн ажлын товч мэдээлэл”, Биологийн хүрээлэнгийн Микробиологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Адъяадолгор “Монгол эмийн ургамлаас тусгаарлагдсан эндофит мөөгөнцөрийн ургамлын өсөлтийг дэмжих үйл ажиллагааны шинж чанар”, Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн Усны нөөц, Ус ашиглалтын салбарын дарга С.Чинзориг “Унгарын усны салбараас Монголд оруулсан хувь нэмэр”, СУИС-ийн докторант Д.Амараа “Сүхбаатар аймгийн нутаг дахь эртний тамга тэмдгийн судалгааны тойм” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Обрушанский Борбала Анна хэлэхдээ “Өнгөрсөн жил анх удаа Унгар – Монголын шинжлэх ухааны өдөр зохион байгуулсан. Унгарт 11 дүгээр сарыг шинжлэх ухааны сар болгосон. Энэ хүрээнд Унгар Монголын хамтын ажиллагаанд ямар үр дүн гарсан байна, одоо ямар төсөл хэрэгжиж байна, ирээдүйд яг юу хийх санаатай байгаа талаар ярилцлаа. Өнгөрсөн жилийн арга хэмжээгээр эрдэм шинжилгээний судлаач эрдэмтэдтэй хамтран хурал хийсэн маань үр дүнд хүрсэн учраас энэ жил дахин хуралдаж, цаашид ч үргэлжүүлж хийнэ. Одоогийн байдлаар биологи, археологи, хэл шинжлэл гэсэн гурван салбар их амжилттай явж байгаа. Үүнээс гадна Киданы төсөл ирэх жил дуусах гэж байна. Түүх угсаатны хүрээлэн, эртний бөө судлаачийн 100 жилийн ойг тэмдэглэх санаа байна. Мөн усны төсөл жаахан зогссон боловч үргэлжүүлэх болно” хэмээн онцоллоо.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version