Говь-Алтай аймгийн ОБГ-ын даргаар Дэд хурандаа Ц.Лувсанжамцыг томиллоо
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Онцгой байдлын газар нь 2022 онд бие бүрэлдэхүүний сургалтын чанарыг дээшлүүлж, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн ажилласан байна.
Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж, ажиллах орчин нөхцлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг хийж байгааг онцлон, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Мөн тус газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар шилжин томилогдсонтой холбогдуулан тус газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Лувсанжамц ажлаа хүлээн авлаа.
Дэд хурандаа Ц.Лувсанжамц нь гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, салааны захирагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах мэргэжилтэн, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга зэрэг шаталсан албан тушаалд нийт 20 дахь жилдээ ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.