Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай (2022.11.17) цахим уулзалт хийлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйг онцолж, түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Мөн Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн 60 жилийн ойн хүрээнд өндөр түвшний айлчлал, парламентын солилцоо идэвхтэй өрнөж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц болсон гэж харж байгаагаа илэрхийллээ.
Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан ийнхүү парламентын дарга нарын түвшинд хийж буй цахим уулзалт нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, цаашид Лаос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Тэрбээр, хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд байгуулж байсан хамтын ажиллагааны санамж бичгүүдийг шинэчлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Лаос, Монгол хэлний хэлмэрчийг бэлтгэх, өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Засгийн газруудыг дэмжих зэргээр хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламентын найрамдлын бүлэг хоорондын солилцоог улам эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцэн тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр тал эрчимтэй ажиллахаар ярилцав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг экосистемтэй орны хувьд түүний сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, хуурай газрын байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж ирсэн.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Лаос Улс тус бага хуралд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, Лаосын талаас Үндэсний ассамблейн Гадаад хэргийн байнгын хорооны дарга Саняа Прасет, Үндэсний ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын найрамдлын бүлгийн дарга Вонсаг Пантавонг, Үндэсний ассамблейн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма, БНАЛАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пусай Кайкампитүн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсавен Кеопасет болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.