нитхОнцлох

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Улаанбаатар хотод эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн.

Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран уг хөдөлгөөнийг Улаанбаатар хотод өрнүүлэхээр Соёлын төв өргөөнд нээлтээ нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон тус салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэр эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочид, төлөөлөгч оролцов.

Энэхүү арга хэмжээг нээн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Бид нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ инновацад тулгуурласан өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оюуны бүтээмжийг дэмжиж, бүтээлч, бие даасан, боловсруулах салбар давамгайлсан тогтвортой эдийн засагтай хот болох зорилтыг тавин ажиллаж байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь болсон хүнс, хөдөө аж ахуйн салбар нь хөдөлмөрийн багтаамж ихтэй, эдийн засгийн бодит өсөлтийг хангасан, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байгаа стратегийн чухал салбар юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, оролцоо чухал ач холбогдолтой.

Хотын хүнсний хангамжийн импортын хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг хангахад Нийслэлийн хүнс үйлдвэрлэгч та бүхэн манлайлан оролцоно гэдэгт бат итгэлтэй байна” гэж хэллээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байгаа. Монгол улсын нийт хүн амын 50 хувь буюу 1,6 сая иргэн Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна.

Хүн ам өсөхийн хэрээр улам нэмэгдэж буй хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах, хүнсний сүлжээний бүхий л үйлчилгээг аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хангах нь чухал” хэмээв.


Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу мах, гурил, төмсийг Монгол Улс 100 хувь дотоодоос хангаж байгаа бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо өндөгний хангамжийг  улам нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.

Харин ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтай бөгөөд сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийг дотоодоос хангах боломж байгааг зохион байгуулагчид хэлсэн юм.

Мөн арга хэмжээний үеэр нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар хүрэлцэн ирж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version