УИХFocus

Г.Тэмүүлэн: Төсвөөс бууруулж болох алдагдал, зардлыг бууруулсан

Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд парламентаас баталсан хуулиудын талаар долоо хоног бүрийн Мягмар гарагт танилцуулж эхлээд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ч.Ундрам нар мэдээлэл хийсэн бол өнөөдрийн сэдэв Монгол Улсын 2023 оны төсвийн тухай байлаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хорооны дарга Г.Тэмүүлэн  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн талаар,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийт 99 хууль, УИХ-ын зургаан тогтоол батлагдсан гэж Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ярианыхаа эхэнд тодотгов.

Тэрбээр, ирэх онд нийгэм, эдийн засгийн хувьд сорилттой, тодорхойгүй байдал үргэлжлэхээр байгаа учраас  УИХ-аас Төсвийн тухай хуулийг батлах хүрээнд хэд хэдэн бодлого гаргаж ажилласан.

2023 оны Улсын төсөв өнгөрсөн баасан гарагт УИХ-аар батлагдсан. Нийгэм, эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжлэхээр байна. Төсвөөс бууруулж болох алдагдал, зардлыг бууруулсан. Улмаар цахилгааны хөнгөлөлт, хүүхэд хамгаалалтай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэсэн. Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой санхүүжилт, “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тогтсон.

Төсвийн шинэчлэлтийг энэ удаагийн төсвөөр эхлүүлж байна. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг нь сайжруулахаар тогтоол гаргасан. Цаашдаа нэгдсэн цахим, мэдээллийн системд бүртгүүлдэг болно.

Төрийн өмчийн нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн. Нүүрсний хулгай, тодорхой бус гэрээнүүд, экспортын ил тод бус байдлыг өөрчлөх. Нүүрсээ ухахаас эхлээд гаргах хүртэлх бүх процессыг ил тод болгох тогтоолыг гаргах үүрэг өгсөн.

Төсөвт ирэх онд тэвчиж болох, бууруулж болох тодорхой зардлуудыг хасаж тооцсон. Энэ хэмжээгээр төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулах бодлогыг баримталсан гэлээ. Мөн төсвийн алдагдлыг бууруулсан болон хэмнэсэн зардлын эх үүсвэрээр  нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг баримталж ажилласныг онцоллоо.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version