Д.Энхтэгш: Аясын салхи хамтлаг анхны пянзаа гаргана
Монголын рок хөгжимд өөрийн байр сууриа эзэлж, метал хөгжмийн анхдагч Аясын салхи хамтлаг 2008 онд гаргасан “Coffin Town Under The Moon” /Саран доорх авсан хот/ цомгоо пянз болгон фенүүддээ хүргэх гэж байна.
Аясын салхи хамтлагийн ахлагч Д.Энхтэгшээс шинэхэн пянзных нь талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Аясын салхи хамтлаг 2004 онд Монголын хамгийн анхны “Үхлийн метал” цомгоо гаргасан. Сүүлийн үед пянз мооданд орж байгаа учраас цомгийнхоо бүрэн хэмжээний тоглолтыг АНУ-д захиалж пянзанд бичүүллээ. Биднийг сонсож дэмждэг фэнүүддээ зориулсан пянз маань тест хэлбэрээр ганц ширхэг ирсэн. Бид пянзаа сонсоод болсон байна гэвэл 2023 оны 1 сард хэвлэгдээд ирэх юм. Фенүүддээ зориулсан маш том сюрприз болно.
Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл манай хамтлагийнхан хоёр дахь цомгоо бичиж дуусаад байна. Эхний “Саран доорх авсан хот” цомгийг маань хүмүүс муухай нэртэй гэдэг. “Энэ авсан хотод хэн ч намайг хүлээхгүй, хэн ч намайг угтахгүй, тэнд чив чимээгүй. Би тэндээ амьдрах болно. Энэ хотдоо би дасна” гэсэн утгатай. Тухайн үед цомгоо гаргаад спонсор байгууллага хайж хүмүүстэй уулзахаар ямар муухай нэртэй юм гээд байсан. Тиймээс бид хоёр дахь цомгоо “Дорно зүгийн салхи” гэж нэрлэсэн. Дорно зүгийн салхи нь дотно бөгөөд нутгийн салхи, домогт булаан эзлэгчдийн догшин хар салхи” гэсэн гоё утгатай” гэв.
П.Нарандэлгэр