ОнцлохУрлаг спорт

Зүүн Азийн залуучуудын наадамд хамтрах спортын холбоодтой гэрээ байгууллаа

Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар тус наадмын хөтөлбөрт орж байгаа спортын 12 холбооныерөнхийлөгч нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

2023 оны наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд  2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4500 орчим хүн ирэх тооцоо гарчээ.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “Тус наадмыг зохион байгуулахад Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот өндөр амбицтай, бодлоготой оролцох шаардлагатай. Энэ бол улсын нэр хүнд, нийслэл Улаанбаатар хотын цаашдын хөгжилд томоохон түлхэц болох асуудал. Дэлхийн иргэд спортоор дамжуулан энх тайванч үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг. 

Олимпизмд шударга ёс, эв нэгдлийн утга төгөлдөр агуулга оршдог. Иймээс улс орнууд үүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Мөн спортын арга хэмжээнд суурилан дотоодын болон гадаадын аялал жуулчлал хөгжих, улс орноо сурталчлах давуу талыг бий болгож байна. Хотын зүгээс манлайлал үзүүлж ажиллана. Оролцож буй талуудад ажлын өндөр амжилт хүсье. Бид зохион байгуулалт, эв нэгдэл, хамтын хүчээр Зүүн Азийн залуучуудын наадмыг итгэл төгс, бүрэн дүүрэн зохион байгуулна” хэмээлээ.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “2023 он спортын салбарынхны хувьд чухал үйл явдлаар дүүрэн жил. Энэ томоохон наадмыг зохион байгуулах санаачилгыг Улаанбаатар хотынхон үүрч байна. Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн шалгуур, түүчээ болдог онцлогтой. Иймд дэлхийн бүх орон олимпын наадам, олон улсын тэмцээн, уралдааныг зохион байгуулах эрхийг авахын тулд өрсөлддөг. Спорт гэдэг пирамидын тогтолцоотой. Орой дээр нь тэмцээн уралдааны амжилт гялалздаг. Харин пирамидын суурийг бүрдүүлж буй биеийн тамир, спортыг сонирхогч хэн бүхэнд итгэл, урам, эрчмийг өгч байдгаараа спортын наадам онцлогтой” гэлээ.

Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Ийм хэмжээний наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлог. Түүнчлэн Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн хангарди шувуу, үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг галбингаа гэх домгийн галт шувууг тус наадмын бэлгэдэл дүрээр сонгосон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version