ЭМЯFocus

Шим Жэ Мин : Зүрхний хүнд хэлбэрийн мэс заслыг эх орондоо нутагшуулж байгаад баяртай байна

ЭМЯ-аас тусламж, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, өөрийн улсдаа хийх боломжтой шинэ технологи, эмчилгээг нутагшуулах тал дээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

УНТЭ-ийн зүрхний эмч нар БНСУ-ын Кореа их сургуулийн “Анам” эмнэлэгт суралцан, мэргэжил дээшлүүлж, улмаар тус сургуулийн эмч, профессоруудын багтай хамтран 5 хүнд зүрхний аблаци буюу түлэх мэс заслыг амжилттай хийлээ. Өнөөдрийн байдлаар мэс засалд орсон өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд мэс заслын дараах эмчилгээ, үйлчилгээндээ ороод сайн байгаа аж.


Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн мэс заслын эмч, профессор Шим Жэ Мин :  Намайг Шим Жэ Мин гэдэг. Би БНСУ-ын Корeа Их Сургуулийн “Анам” эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг. Манай эмнэлгийн зүрхний хэм алдалтын баг Монголд ирээд гурав хоногийн турш УНТЭ-ийн зүрхний эмч нартай хамтран 5 өвчтөнд зүрхний аблаци мэс заслыг хийлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. УНТЭ-ийн зүрхний төвийн эмч нар “Анам” эмнэлэгт суралцан, мэргэжил дээшлүүлэн энэ төрлийн мэс заслыг Монголдоо анх удаа хийж, энэ төрлийн эмчилгээг эхлүүлж байгааг харсандаа их баяртай байна. Энэ бол эхлэл юм.

Цаашид Корeа их сургуулийн “Анам” эмнэлэг, УНТЭ-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн олон шинэ төрлийн мэс заслыг хийж,  олон хүнд тусламж үйлчилгээг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн сургалт, судалгаа зэрэг мэргэжлийн түвшинд олон талаар хамтран ажиллах боломжуудыг нээж ажиллана. Хүнд хэлбэрийн мэс заслыг эх орондоо нутагшуулахад ЭМЯ, УНТЭ-ээс бүх талаар дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Манай Корeа Их Сургуулийн “Анам” эмнэлэг нь БНСУ-д анх удаа “Тосгуурын хэм алдалт”-ын мэс заслыг эхлүүлж 5000 гаруй мэс засал  хийгдсэн анхны эмнэлэг юм. 

Зүрхний аблаци эмчилгээнд орсон эмчлүүлэгч :  Миний хувьд 2016 оноос хойш зүрхний хэм алдалт нэлээн идэвхжиж эхэлсэн. 2020 онд яаралтай тусламжийн төв буюу 103 дээр зүрхний хэм алдалт гэдэг онош маань батлагдаад түүнээс хойш Нэгдүгээр эмнэлэг болон Гуравдугаар эмнэлгийн эмч нарын хяналтанд орсон. Сая зүрхний аблаци буюу хэм алдалтын мэс засалд орлоо. Одоогийн байдлаар биеийн байдал маш сайн байна. Хагалгааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Мэс заслыг Солонгосын Кореа их сургуулийн профессорууд Монгол эмч нар хамтран хийлээ. Энэ үйлчилгээг шинээр нэвтрүүлж байгаа Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон, зүрхний төвийн хамт олонд маш их баярлалаа. Яг энэ төрлийн өвчнөөр шаналж байгаа олон хүмүүсийг өвчнөөс нь салгах нь байна. Амжилт хүсье. Тус эмнэлгийн харилцаа, хандлага үйлчилгээнд сэтгэл хангалуун байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. 

УНТЭ-ийн Зүрхний төвийн их эмч Г.Ананд : Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн иж бүрэн физиологийн лабораториор тоноглогдсон. Зүрхний төвийн хэм алдагдалтын баг нь БНСУ-ын Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн хэм алдагдалтын багийн профессор Шим Жэ Минээр ахлуулсан нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн багтай хамтран нийт 5 зүрхний хэм алдалттай хүмүүст зүрхний Аблаци (түлэх) эмчилгээг хийж дуусгалаа. Хэм алдалт дотроосоо бид хүнд хэлбэрийн тосгуурын хэм алдалт, ховдлын хэм алдалт, ховдлын дээрх хэм алдаглт түлэх эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version