Видео7 хоногЭрүүл мэнд

Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын талаар ярилцлаа

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өнөөдөр эхэлж, уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ө.Энхтүвшин уг арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн 10 жилд Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн-Монгол зэрэг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй үзүүлэлт 2013 оны түвшнээс 11.2 хувиар нэмэгдэж, 5 хүртэл насны хүүхдийн дунд өсөлт хоцролт 4.7 хувиар, 2010 онтой харьцуулахад 5 хүртэл насны хүүхдийн дунд А амин дэм дутал 22.9 хувиар буурсан хэдий ч цаашид анхаарах ёстой, шийдвэрлэвэл зохих олон асуудал тулгарч байгааг “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны дүн нотолж байна.

Уг судалгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас боловсруулсан “Өрхийн хүнсний баталгаат байдлын алдагдлын хэмжээ”-г тооцох аргачлалыг ашиглан хийж, манай орны 4 (баруун, хангай, төв, зүүн) бүс, Улаанбаатар хотыг хамруулжээ. Судалгаагаар Монгол Улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон.

Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, амин дэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувийн хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин буюу таргалалт өгөх хандлагатай байгаа дүн гарсан байна. Хүн амын Д амин дэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэл насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутал, эсхүл нөөц дутмаг байгааг тогтоожээ.

Давс иоджуулах хөтөлбөр хэрэгжүүлж, иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж, ажилласан ч судалгаагаар нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгааг тогтоосон байна. Иоджуулсан давсны хэрэглээ баруун бүсэд 60.4 хувь, хангайн бүсэд 70.6 хувьтай байгаа нь иод дуталд өртөх эрсдэлтэй ажээ.

Өрхийн хүнсний баталгаат байдал судалгаанд хамрагдсан өрхийн 35 хувь хэвийн, 14 хувь нь бага алдагдсан, 28 хувь нь дунд зэрэг алдагдсан, 23 хувь нь ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хот болон хангайн бүсэд хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байжээ.

Судалгааны үр дүнд хүн амын дундах А, Д амин дэм, иод, төмөр дутал, өрхийн хүнсний баталгаат байдал зэрэг судалгааны дүн, тэдгээрийн дутлыг нөхөх, сэргийлэх чиглэлээр Бодлогын зөвлөмж гаргасан. Ийм учраас энэ асуудлыг цаашид хэрхэх талаар Та нөхөд хоёр өдөр ажил хэрэгчээр ярилцах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны үндэсний дөрөвдүгээр судалгааны түвшингээс буураагүй байгааг тогтоосон.

Илүүдэл ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байна. Судалгааны тайланд хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын зөвлөмж боловсруулж, хэрэгжүүлж арга замыг тодорхойлон заасан.

Иймд Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхэд хоол тэжээлийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах бодит шаардлагын улмаас энэхүү уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар

  • “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр, үндэсний тавдугаар судалгааны зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах
  • Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  • Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох
  • Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн асуудал хариуцсан дунд шатны мэргэжилтнүүдийг мэдээллээр хангаж, чадавхижуулах арга замыг тодорхойлох хэмээх асуудлуудыг хэлэлцлээ.

Уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллагуудын 180 орчим төлөөлөгчид оролцлоо.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version