AVSFЭдийн засагОнцлохФото сурвалжлага

“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төслийн үр дүнг танилцууллаа

Европын Холбооны санхүүжилттэй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төсөл дөрвөн жилийн ажлын үр дүнгээ танилцуулах хаалтын арга хэмжээг /2022.10.27/ зохион байгууллаа. Энэхүү төсөл нь ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчид тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд дэмжлэг болж ажилласан юм. Хаалтын арга хэмжээнд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Аксель Никэйз, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэм ноён Себастьян Сүрүн, УИХ-гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж. Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төр хувийн хэвшлийн бусад төлөөлөгчид, төслийн үр шим хүртэгч үндэсний үйлдвэрүүд, малчдын хоршоод  оролцлоо.

Энэ үеэр төслийн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг тус бүр тогтвортой байдлын чиглэлээр хийсэн ажлуудаа танилцуулсан. Тодруулбал:

-Хариуцлагатай, мөшгигдөхүйц  гэрчилгээжсэн түүхий эд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан ололт амжилтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны  Баталгажуулалтын албаны дарга Л.Ганцогт,

-Монголын ноос ноолуурын салбарт тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн арга туршлагыг нэвтрүүлсэн байдлыг “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төслийн менежер, доктор У.Сарангоо,

-Текстилийн салбар дахь ногоон санхүүжилтэд гаргасан ололт амжилтын талаар “ТоС Холбоо” /Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо/ -ны Зөвлөх Э.Ариунаа,

-Ээлтэй, хариуцлагатай мөшгигдөхүйц ноос ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилан, борлуулалтыг дэмжих чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар Монголын ноос ноолуурын холбооны менежер Ц.Туяа нар танилцуулсан билээ.

Хаалтын арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид болон болон уг төслийг хэрэгжүүлэгч нараас сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Аксель Никэйз:

“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төслийн хаалтын арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Европын холбооноос санхүүжүүлсэн энэхүү төсөл нь дөрвөн жил амжилттай хэрэгжээд хаалтаа хийж байна.

Энэ нь Европын холбооноос хэрэгжүүлж буй анхны төсөл биш юм. Өмнө нь Сарлагийн хөөвөр боловсруулахтай холбоотой ТРАМ төсөл зэрэг хэд хэдэн төслийг бид амжилттай хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн төслийн хүрээнд бидний гаргасан амжилт гэвэл 6000 гаруй малчин, хоршооны ажилчдыг сургалтад хамрууллаа. Ноос ноолуурын салбарын үндэсний стандартыг боловсруулж гаргалаа. Мөн Ногоон санхүүжилтын асуудлыг ноос ноолуурын салбартай холбоотойгоор маш амжилттай хэрэгжүүлж чадлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

Ноос ноолуурын салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах ажлын эхлэл энд явагдаж байна гэж харлаа. Бид маш олон малтай мөртлөө нийтүүлэлтийн сүлжээ байдаггүйгээс ноос ноолуураа олон улсын түвшинд хангалттай гаргаж чаддагүй. Монголын уул уурхайн салбарын дараа ордог ирээдүйд асар их боломжтой салбар бол Хөдөө аж ахуй, түүнтэй холбоотой түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах юм.

Үүн дотроо оёмол сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ өндөртэй байдаг. Энэ утгаараа нэхмэлийн салбар Европын зах зээлийг илүү онилж ажилладаг нь эдийн засгийн ирээдүйн бүтцэд чухал үүрэгтэй. Дэлхий ногоон хөгжлийн чиг баримжаатай болсон энэ цаг үед “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төслийн хүрээнд системийг нь, санхүүжилтийг нь, тогтолцоог нь хийж өгсөн байна. Энэ дээрээ өөрсдийн чадахгүй зүйлээ гаднаас суралцах, төслөөр дамжуулж зөвлөгөө авах, стратегийн бичиг баримт боловсруулах, салбарын хүмүүсээ сургах зэрэг зөөлөн бүтцээ хийгээд явах зайлшгүй шаардлагатай юм.

Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэм ноён Себастьян Сүрүн:

Дөрвөн жилийн хугацаанд “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төсөл маш амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ төслийн хүрээнд гурван чухал ажлыг онцолж байгаа.

Нэгдүгээрт, цаг уурын өөрчлөлттэй холбоотой маш том ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт, малчдыг чадавхжуулахад маш их анхаарсан. Гуравдугаарт, Европын холбооны зах зээлд ноос ноолууран эдлэл, хувцас, үйлдвэрлэлийг нийлүүлж байгаа гэсэн маш том амжилтуудыг гаргасан байна.

“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төслийн менежер, доктор (Ph.D) У.Сарангоо: 

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төсөл маань 2018 оноос дөрвөн жилийн хугацаанд хэрэгжээд өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа дүгнээд, хаалтаа хийж байна.

Энэ төслийн маань гол зорилго бол Монголын ноос ноолуурын салбар байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэлийн арга барилыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал байсан. Төслийн хүрээнд бид малчдынхаа хоршоотой хамтарч ажилласан. Үндэсний 18 үйлдвэртэй төсөл хэрэгжихээс эхлэн хамтарч ажилласан.

Төслийн хүрээнд хэд хэдэн ололттой талуудыг бий болгосон. Нэгдүгээрт, малчдын хоршоодоос гарч байгаа баталгаажсан, гэрчилгээжсэн, мөшигдөхүйц түүхий эдийн хэмжээг даруй 10 дахин нэмэгдүүлж чадсан. Үүнд манай үндэсний үйлдвэрүүдийн хүчин чармайлт маш их байгаа. Монголын ноос ноолуурын холбоо үндэсний үйлдвэрүүдээ түүчээлж манлайлж ажилласан. Монголын ноос ноолуурын холбоо, баталгаажуулалтын алба, Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх зөвлөх инженерүүдийн багийн хамт олон нийлээд Монгол Улсад “MNS6926-2021 Тестилийн тогтвортой үйлдвэрлэл” стандартыг 2021 онд боловсруулж өргөн барьж батлуулсан. Энэ стандарт маань Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийг дэмжсэн, өөр бусад салбарт байхгүй анхны тогтвортой байдлын стандарт болж байгаагаараа онцлог юм.

ТОС холбоотой хамтраад Тестилийн үйлдвэрлэгч нар малчдын хоршоонд ногоон зээлийн эх үүсвэрийг олгох тал дээр амжилттай ажилласан. Үүний үр дүнд төсөл анх хэрэгжиж байх үед үндэсний үйлдвэрүүдэд олгосон ногоон зээлийн тоо 0 байсан бол өнөөдөр 19 үндэсний үйлдвэрт ногоон зээл олгосон өндөр амжилттай явж байна. Хэдийгээр төсөл маань дуусаж байгаа ч цаашид гадаад зах зээл дээр яам, тамгын газар, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд, “Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид” олон улсын байгууллага үргэлжлүүлэн Монголын тогтвортой, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн хүрээнд гаргаж байгаа бараа бүтээлдэхүүнийг сурталчлах болно.

Төслийн сүүлийн нэг жилд нэмүү өртөг шингэсэн тогтвортой ноос ноолууран бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлд нэлээн анхаарч ажилласан. Үүний үр дүнд төсөл анх хэрэгжиж байхад тогтвортой, байгальд орчинд ээлтэй бэлэн бүтээгдэхүүний хэмжээ 0 байсан бол одоо 27 мянга болчихсон байна. Энэ хэмжээ цаашид өсөх нь дамжиггүй. Төсөл маань хаалтаа хийж байгаа ч хэд хэдэн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Нэгдүгээрт, “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төслийн ололт амжилтыг үргэлжлүүлж гадаад зах зээлд сурталчлах шаардлагатай.  

Үүнд, Гадаад харилцааны яам, Монголын ноос ноолуурын холбоо, Бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо хамтраад бодитой ажлуудыг хийж, гадаадад байгаа монголын ЭСЯ-аараа дамжуулан үргэлжлүүлэн сурталчилна гэдэгт найдаж байна. Дараагийн нэг ажил бол ногоон санхүүжилт. Монгол Улсын арилжааны банкууд төрөл бүрийн ногоон санхүүжилтийг оруулж ирж байгаа боловч үндэсний үйлдвэрлэгчид, малчдын хоршоодод олгох зээлийн нөхцөлөө илүү таатай болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Нэгэнт үндэсний үйлдвэрлэгчид маань байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн дадлыг нэвтрүүлээд эхэлчихсэн учраас төр ногоон худалдан авалтыг хийдэг байх хэрэгтэй. Энэ тал дээр УИХ-ын гишүүд, манай төсөлтэй хамтарч ажиллаж байсан төрийн байгууллагууд манлайлан оролцоно гэдэгт итгэж байна.

“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – STeP EcoLab” төслийн хаалтын арга хэмжээний үеэр ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн оюутнууд “Эко дизайн” загвараа сонирхуулсан. Тус загвар нь байгальд ээлтэй  байх гэсэн зарчмыг баримтлан хувцсыг дахин боловсруулж, шинэлэг шийдэлтэй орчин үеийн залуусын дунд тренд болохуйцаар зохиогджээ.

Мөн МННХ-ны Тогтвортой дизайны уралдаанд шалгарсан “Ханбогд КашимерХХК-ийн тогтвортой ноолууран бүтээгдэхүүний коллекцийг сонирхуулах загварын үзүүлбэр болсон юм.

Төгсгөлд нь AVSF Mongolia Олон улсын байгууллагын Үндэсний зохицуулагч, хатагтай Манон Леларж “Монголын Текстилийн Tогтвортой Үйлдвэрлэл ба Эко тэмдэг” төслийг “маш амжилттай хэрэгжсэн” хэмээн онцлоод, төслийн үр дүнг цаашид улам бататгахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг тодотгосон билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version