ЯрилцлагаЭдийн засагОнцлох

Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг

Жилийн бүрийн 10 дугаар сард тохиодог “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг манай улсад банк санхүүгийн салбараас улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалттай. Тус үйл ажиллагааг Монгол Улсад албан ёсоор тэмдэглэдэг байх санаачилгыг Монголбанкнаас гаргаж, 2017 оноос хойш зохион байгуулж байна. Энэ жил хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж буй талаар Монголбанкны ОНСБТ-ийн захирал Б.Одонтунгалагаас тодрууллаа.

Манай улс тав дахь жилдээ Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж байна. Үр дүн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

Юуны өмнө дэлхий нийтээр хуримтлалын ач холбогдлыг сурталчлах, хуримтлалын хэмжээг жил ирэх бүр нэмэгдүүлэх зорилгоор энэхүү аяныг 170 гаруй улс оронд тэмдэглэж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Үүний цаад зорилго нь иргэдийг санхүүгийн дарамтгүй амьдрах дадал хэвшлийг хуримтлалаар бий болгох ач холбогдолтойгоос гадна    иргэдийн санхүүгийн ухаалаг шийдвэр гаргалт нь улс орны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөллийг үзүүлдэгтэй холбоотой юм. Тийм учраас  олон улсын хэмжээнд энэхүү аяныг өргөн хүрээнд тэмдэглэдэг.

Түүнчлэн иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжсэн үйл ажиллагаанд чиглэдгээрээ өндөр үр дүнтэй гэж үзэж байна. Иргэдийн санхүүгийн мэдлэг, сахилга баттай байдал нь аливаа санхүү, эдийн засгийн сорилтыг давж чадах хөшүүрэг болдог. Тиймээс жил бүр “Хуримтлалын аян” хэлбэрээр нөлөөллийн ажлуудыг хийж байна. Монголчууд бидний дунд нийтлэг ажиглагддаг зан төлөв бол орлогоо бүрэн зарцуулах хандлагатай байдаг.

Санхүүгийн боловсролыг ярьж, сурталчилж байгаагийн нэг гол зорилго бол иргэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрт ашигтай хувилбараар сонгоход чиглүүлэх явдал юм. Эдгээрийн нэг нь яах аргагүй хадгаламжийн бүтээгдэхүүн. Ирээдүйд юу болохыг хэн ч урьдчилан харж чадахгүй учраас санхүүгийн хувьд хүчтэй, өөртөө итгэлтэй, төлөвлөгөөтэй, хадгаламжтай байх нь энгийн, хэвийн амьдралын үндэс юм.

Манай улсын хувьд таны хэлсэнчлэн 5 дахь жилдээ Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж буй өнгөрсөн хугацаанд энэ бүх мэдлэг боловсролыг олгох сургалт сурталчилгааг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын хамт илүү хүртээмжтэй байдлаар хүргэхээр хичээн ажиллаж ирлээ. Үүний үр дүнд тус аянд нэгдэгч байгууллагуудын хүрээ жил ирэх бүр тэлж, анх зөвхөн банк санхүүгийн байгууллагуудын хүрээнд байсан бол одоо бусад салбаруудаас нэгдэж, ялангуяа, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежууд сургалт мэдээлэл авах хүсэлт тасралтгүй ирэх болсон. Тэгэхээр Монгол Улсад хэрэгжиж байгаа Дэлхийн хуримтлалын өдөр үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байна. 

Тэгвэл, энэ жилийн хувьд ямар онцлогтойгоор уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

Улс орон болгон өөрийн тухайн жилээс хамаарсан онцлог зорилтыг дэвшүүлж, тус аяныг хэрэгжүүлдэг. Манай улс энэ жил “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн хэмжээнд нүүрлэсэн цар тахал болон геополитикоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна.

Ийм үед бидэнд бүсээ чангалах нөхцөл байдлыг цаг үе нэгэнт шаардаж байгаатай холбогдуулж, санхүүгээ илүүтэй ухаалгаар удирдах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлд бэлэн байх  нөөц хувь хүн болон өрхөд маш чухал шүү дээ. Үүнээс гадна мэдээж зорилгодоо хүрэх алхамд хуримтлал гол хөшүүрэг болдог.

Бид аяны ач холбогдлыг бүх нийтэд хүргэхийн тулд өнгөрсөн жилээс хөдөө орон нутагт нэгдсэн үйл ажиллагаануудыг явуулах болсон. Энэ жил Завхан аймгийн төв Улиастай хотод аяны нээлтийг хийж, Төв аймгийн Өндөр-Ширээт суманд болон  бусад аймаг орон нутагт нэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Иргэд хуримтлалд хэр ач холбогдол өгч байна. Таны хэлээд буй хандлага хэр өөрчлөгдөж байна? Энэ талаар юуг зөвлөх вэ?

Хуримтлуулж эхлэх нь зарим хүнд тийм ч амар санагддаггүй. Гэсэн ч эхлүүлэх нь чухал. Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Хуримтлалыг нэг удаад хийгээд орхих биш тогтмол хийх нь үр дүнтэй. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй.

Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй. Төсөв гаргаж, дээрээс нь хэмнэж сурсан байхад та хангалттай түвшинд хуримтлалтай болно. Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй. Дунд, урт хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлуулах нь чухал. Нэгэнт та хуримтлуулахаар шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байвал хуримтлал тасалдахгүй байх ач холбогдолтой.

Ярилцсанд баярлалаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version