ЯрилцлагаFocus

Н.Нямсүрэн: Ажлаа ойлгоод ирэхээр өөрийн эрхгүй дурлаж эхэлдэг

Өнгөрөгч 2021 оны Онцгой гавьяа байгуулсан таван алба хаагчийн нэг, албандаа 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Н.Нямсүрэнг “Аврагчийн хөрөг” булан энэ удаад онцоллоо. Тэрбээр Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин аврагчаар ажилладаг. Ажлын гараагаа 2005 оноос эхэлж, өнөөг хүртэлхээрийн  түймрийн 136, үер, усны 119, ахуйн ослын 51, эрэн хайх, аврах ажиллагааны 102 буюу нийт 408 удаагийн гамшиг осол, гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагаар 15-30 хоног үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх аюулт үзэгдэл, ослоос 390 хүний амь насыг аварч, 2.040 мянган га бэлчээр нутаг, 11.2 сая төгрөгийн эд хөрөнгө, 357.0 мянган гаруй толгой малыг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.

-Ажилдаа илүүтэйгээр дурлах, амжилттай үүрэг гүйцэтгэх гол хөшүүрэг юу бол…?

Хувь хүнийг хариуцлагатай, хэлсэндээ эзэн байхыг алба маань өөрөө сургадаг. Нөгөөтэйгүүр хамт олны уур амьсгал, нэг нэгнээ дэмждэг, хүндэлдэг харилцаа хамгийн том хөшүүрэг гэж боддог. Хамтын хөдөлмөр, сэтгэлийн илрэлээр ажлын үр дүн үнэлэгддэг болохоор хүн бүр л оноогдсон үүргээ маш сайн биелүүлэх хэрэгтэй. Үүний төлөө л хичээж, суралцаж, ажиллаж байна.

– Хичээл зүтгэл хүнийг хүмүүжилдэг юм шиг санагддаг. Шантрах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

– Ажлынхаа онцлогийг ойлгоод, сайн, мууг нь ялгаад ирэхээр өөрийн эрхгүй дурлаж эхэлдэг. Дурласан хүн хэцүү ч байсан илүү их хичээх хэрэгтэйгэдгийг ойлгодог юм байна лээ. Онцгой байдлын алба бол ард, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн нэр хүндтэй алба. Энэ албанд ажиллаж байгаа хүн хэзээ ч муу явдаггүй гэж боддог.

– Тэгвэл аврагч болох замналыг хэрхэн бүтээж байв?

Миний багын мөрөөдөл. Хүүхэд байхад дүрэмт хувцастай ах нар гоё харагддаг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд аврагч шалгаруулж авч байна гэсэн зарын дагуу шалгалт өгөөд усчин аврагчаар 2005 онд анх томилогдож байсан. Түүнээс хойш тасралтгүй энэ албан тушаалдаа үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын ур чадвар, багаж, техникийн хүчин чадал жилээс жилд шинэчлэгдэж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж байгаад бахархал дүүрэн байдаг.

 – Өнгөрөгч 2021 он таны хувьд сорилтын болоод амжилтын жил байсан гэж дүгнэж болно. Үүрэг гүйцэтгэсэн томоохон дуудлагаас тань яриагаа үргэлжлүүлье?

– Анх аврагч болоод худгийн мөсөн дунд цогцос байна гэсэн дуудлагаар ажиллаж байлаа. Цогцсоо гэмтээхгүйн тулд мөсийг тойруулж дөрвөн цаг буталж байгаад гаргасан. Түүнээс хойш хээрийн түймэр, усны осол, мал, амьтны гоц халдварт өвчин гээд бүх л төрлийн дуудлагад ажиллаж байна. Тухайлбал, 2012, 2015, 2019, 2020 онд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сум, Хэнтий аймгийн Биндэр сумдад гарсан ой, хээрийн түймэрт 95 хоног, 2016 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт орших Буйр нуурын усны осолд 21 хоног, 2005, 2012 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйжилт, устгал хийх ажилд 120 хоног үүрэг гүйцэтгэсэн.

Өнгөрсөн онд Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай мөс цөмөрч живсэн хоёр тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа хамгийн том нь. Энэ үеэр 9,5-10 метрийн гүнд гурван удаагийн шумбалтаар 1 цаг 30  минутын хугацаанд ажиллаж, автомашинуудыг олж илрүүлэн, татлага холболтуудыг хийсэн. Татан гаргах ажиллагааны дараа аймгийн Засаг дарга хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Мөн Онцгой байдлын байгууллагынхаа “Онцгой гавьяа байгуулсан алба хаагч”-аар тодорсондоо баяртай байдаг. Хамт олны хүч, итгэл, сэтгэлийн л ач тус шүү дээ. Хамтран зүтгэгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

– Онцгой алба хаагч байх хамгийн том шалгуурыг юу гэж боддог вэ?

 – Бие бялдар болоод сэтгэл зүйн тэсвэр хатуужил. Тийм учраас дуудлагаас дуудлагад тасралтгүй суралцаж, залуусаа  сургаж, харилцан туршлагажиж байна. Сэтгэлзүйгээ удирдаж сурах, бие бялдраа бэлтгэх, алдаа, сургамжаа давтахгүй байх нь чухал гэж хичээдэг.

– Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Долоон хүүхэдтэй айлын зургаадах нь. Аав маань насаараа жолооч хийсэн. Ээж минь цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад хоёулаа гавьяаныхаа амралтад суусан. Бусадтай  их нөхөрсөг харилцдаг, нийтэч хүүхэд байлаа. Ажлынхаа зав чөлөөгөөр хөл бөмбөг, фитнесс, ширээний теннисээр хичээллэдэг. Аймгийн аварга шалгаруулах  тэмцээнүүдэд оролцоно. Хөл бөмбөгийн тэмцээнээс алт, ширээний теннисний сонирхогчдын тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн амжилттай.

 Яг энэ мөчид баярласнаа илэрхийлээч гэвэл хэнд хэлэх вэ?

Өндөр хариуцлагатай ажлыг санаа зоволгүй хийхэд ар гэрийг минь авч яваа хүн бол миний хань. Тийм болохоор эхнэр, хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Манайх ам бүл тавуулаа. “Цэцэгс”-ээр хүрээлүүлэн амьдардаг би азтай хүн. Ханийг маань С.Солонго гэдэг. Эмч мэргэжилтэй. Багийн эрүүл мэндийн төвд ажилладаг. Том охин Ерөнхий боловсролын сургуулийн VIII анги, дунд охин IV ангид суралцдаг. Бага охин гурван настай цэцэрлэгт явдаг. Охидуудынхаа ирээдүйн төлөө өөрийн хийж чадах бүхнээ хийж өгөхийг зорьж байна.

 – Таны ажил, амьдралдаа  баримталдаг гол зарчим..?

Хүн ер нь шударга байх ёстой гэж боддог. Тийм байхыг ч эрхэмлэдэг. Хэн нэгэнд хэлсэн худлаа үг, биелүүлээгүй амлалтаас болж ажил нурж, хүний итгэл эвдэж болохгүй шүү дээ. Үнэнээ хэлчихвэл өөрт болоод бусдад ч амар санагддаг. Эзэн хичээвэл, заяа хичээдэг гэж ойлгодог шүү.

– Баярлалаа танд. Авран хамгаалах ариун үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе?

– Онцгой мэдээ сониныхоо хамт олонд бас талархаж байна. Хамтран зүтгэдэг мөрдэс нэгт Онцгой албаар овоглосон хүн бүрт ажлын амжилт, гэгээлэг бүхний дээдийг хүсье. Хүсэл бүхэн нь биелж, хүрэх ирээдүй нь дардан байхыг ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version