УИХОнцлох

Д.Сарангэрэл: Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Гэхдээ айл нь үлдсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаарх тайланг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв.  

Түүнчлэн тэрбээр “Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлж байгаа. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой. 

Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин, зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Ийм түвшинд очсон байхад энэ үгийг, нөхцөл байдлыг төрийн түвшинд хүргэхгүй, өөрсдөө очихгүй үгээр хөөцөлдөж байна. 

Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тиймээс тэндээ очиж, ажиллах ёстой. 

26,000 айл байна. Эдгээр айл төрийн байгууллагын мэдээллийн санд байхгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа халамжийн 920 хүн очиж ажиллаж, эдгээр хүнд тусалъя гэж байгаа юм. 

Үүнийг мартаж ерөөсөө болохгүй. Эдгээр айлдаа оч. Дэнгийн эрвээхэй шиг дээгүүр нисэлгүй эдгээр айлд очоод үз. Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа гэж хэлж байгаа хүүхэд байна шүү дээ. Хэдэн ахмад, хэдэн хүүхэд голоо зогоож амьдарч байгаа вэ гэдгийг газар дээр нь очиж үз” гэлээ. 

Ядуурлыг бууруулах бүрэн боломж бий. Яамны боловсон хүчний талаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд чадалтай боловсон хүчин бий. Гагцхүү манлайлал, зөв удирдлагыг тэд хүлээж байгаа. 

Үгээр хөөцөлдөж, чи, би хэлсэн гээд олон хүнийг дэд сайд зовоож байгаа юм билээ. Үүнийгээ зогсоо. Чадалтай боловсон хүчнээ ашиглаад ядуурлыг бууруулах бүрэн боломж бий. Үүнийг би та бүхнээс үргэлж шаардах болно.

Бүх зүйлийг цар тахал, дайн руу чихэж болохгүй. Байгаа нөөц боломждоо тулгуурлан тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх боломж бий. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боловсон хүчний нөөц байна. Энэ яам яахаа алдсан яам биш. Олон жил ажилласан асуудлаа мэддэг хүмүүс яаманд бий. Тэдний үгийг сонсох ёстой. 

Миний хувьд богинохон хугацаанд тус яамны сайдаар ажилласан ч гэсэн өмнөх сайд, дэд сайд нар ажлынхаа гүн рүү ороогүй, илээд явчихсан, сошиал сурталчилгаанд хөрөнгө мөнгө их зарцуулсан нөхцөл байдлыг харсан” гэсэн юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version