Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнээ анх удаа барилдаж, мөнгөн медалийн болзол хангаад буухдаа баяр, гунигийн нулимс унагаж суусан нэгэн бол ОУХМ Б.Хулан билээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 23 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа ОУХМ Б.Хуланг урилаа.
-“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөхтэй таарсан. Алтан медалийн үзүүрээс атгасан агшин байлаа?
-Анх удаа дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсондоо баяртай байна. Жингийнхээ тамирчидтай барилдаж, олон зүйл мэдсэн цаг хугацаа байлаа. Энэтхэг, Казах, Азербайжан, Шведийн бөхтэй таарч, сонирхолтой барилдаануудыг үзүүлсэн. Намайг зоондоо аваргалахад багийнхан маань их баярласан. Одоо ганцхан даваа үлдлээ, би чадна гэж өөрийгөө хурцалж байлаа. Багш маань ч гэсэн “Миний охин чадна” гэж хэлж байсан. Барилдааны үед орчноосоо тасарч багшийн яриа надад сонсогдох шиг болсон юм. Алтан медалийн төлөө барилдахдаа өөрийнхөө мэхэнд унаж, хожигдсон. Хожих боломж байсан ч ашиглаж чадаагүйдээ бага зэрэг харамссан.
-Тийм ээ, үнэхээр үнэ цэнтэй медаль байж чадлаа. Их туршлага хуримтлуулсан цаг хугацаа байсан байх?
-Дэлхийн аваргад шилдгүүд чуулдаг. Тиймээс дэлхийн түвшний тамирчид ямар байдгийг харлаа. Мөн дэлхийн хэмжээний сэтгэл зүйтэй болсон гэж бодож байна. Барилдахаар гарахын өмнө багш намайг зоригжуулдаг. Тиймээс дараагийн тэмцээндээ илүү тайван ухаалаг барилдана аа.
-Тамирчдын амжилтын нэг үндэс бол бэлтгэл. ДАШТ-ий өмнө судалгаа хэр хийсэн бэ?
-Тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр жингийн өрсөлдөгчийнхөө судалгааг байнга хийдэг. Барилдааных нь бичлэгүүдийг үзээд багш нартайгаа ярилцаад бэлтгэлээ сайн базаасан. Бэлтгэл хийж давтаж байсан зүйлээ тэмцээн дээр хэрэгжүүлж чадсан. З.Дүвчин багш маань гар таллаад хавирах үндэсний бөхийн мэх хийхийг зөвлөдөг. Бэлтгэл хангахад тус болсон эгч нар, багшдаа баярлалаа.
-Бөхийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-2015 онд Багануур дүүрэгт “Бөх эрчис” дэвжээнд анх бэлтгэл сургуулилт хийж байсан. Би чөлөөт бөхийн барилдааны арга барилыг З.Дүвчин багшаасаа суралцаж байна. Хөрш айлын хүүхэд барилддаг байсан нь миний хүсэл мөрөөдөлд нөлөөлсөн. Нэг өдөр найзтайгаа бэлтгэлд нь хамт явсан. Чөлөөт бөх надад үнэхээр таалагдсан. Тэр цагаас чөлөөт бөх миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Бэлтгэлээ хийхээр би хамгийн жаргалтай болдог. Ийм жижигхэн байж барилддаг юм уу гэж олон хүн асууна. Гэхдээ би хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж, том зорилго тээж яваа тамирчин. Амжилт үзүүлэхэд сайн хичээж өөрийгөө ялах хэрэгтэй. Бас намайг үргэлж дэмждэг жүдоч эгч нар, багш, хамт олондоо талархаж явдаг.
-Эмэгтэй хүүхэд барилдахад хэцүү гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Таныг чөлөөт бөхөөр барилдаж эхлэхэд хүмүүс яаж хүлээж авсан бэ?
-Анх намайг чөлөөт бөхийн спортоор хичээллэнэ гэхэд “Эмэгтэй хүн барилдана гэж юу байдаг юм бэ. Миний охин хичээлээ сайн хий” гэдэг байлаа. Намайг бэлтгэлд явуулах дургүй байв. Чөлөөтөөр хичээллээд удаагүй байхад дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэр үед гэрийнхэн маань “Хэрэв дүүргийн аварга болбол цаашид барилдаарай. Үгүй бол хичээлээ хийгээрэй” гэсэн.
Тэгээд би зорилгынхоо төлөө тууштай байсны дүнд дүүргийн аварга болж чадсан. Энэ үе бол би бусдын үзэл бодлыг ялсан цаг хугацаа байсан. Түүнээс хойш гэрийнхэн маань дэмжсэн. Түүний дараа өсвөрийн Азийн аваргад анх удаа оролцож мөнгөн медаль авч байлаа. Тэр тэмцээнээс бусад орны үеийн тамирчид хэрхэн барилддаг талаар сурч мэдсэн. Мөн гэрээсээ анх удаа хол явж олон найз нөхөдтэй болж дурсамж дүүрэн тэмцээн болсон. Спортоор хичээллээд шаргуу, өөртөө итгэлтэй, цаг төлөвлөдөг, хүмүүжилтэй, тэсвэр хатуужилтай байх эрхэм чанарыг өөртөө суулгасан.
Эх сурвалж: ОБЕГ