Хүүхдийн эрх хамгаалагчийг хамгаалахад хамтарч ажиллахыг санал болгов
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагын АНУ-ын Нью-Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой, ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон бусад албаны төлөөллийг /2022.09.27/ хүлээн авч уулзлаа.
Хүний эрхийн олон улсын үйлчилгээ нь Швейцарын Холбооны Улсын Женев, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвлөрч байрладаг, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм. Тус байгууллага нь хүний эрх хамгаалагчдын сүлжээ болон хүний эрхийн олон ялгаатай талбарууд, НҮБ болон бусад оролцогч талуудын дэмжлэгтэйгээр дэлхий нийтийн хэмжээнд хүрч ажиллаж байгаа аж. Энэ удаад Монгол Улсад ирэхдээ эрх хамгаалагчийг хамгаалах асуудалд онцгойлон анхааран ажиллахаар болсноо УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгалаа.
Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиа 2021 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр баталсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга дурдав. Тиймээс Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагыг эрх хамгаалагчийн, тэр дундаа хүүхдийн эрх хамгаалагчийг хамгаалах ажилд тууштай оролцож, туршлага болон техникийн дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллахыг санал болголоо.
Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл газар авч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох байдал учир дутагдалтай байгааг ч санууллаа. Тиймээс энэ асуудалд ХЭҮК, Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагатай нягт хамтран ажиллаж асуудлыг дор бүр нь шийдэхийг санал болгов. УИХ-д ирж байгаа санал гомдлын тодорхой хувь нь хүүхдийн эрхийн зөрчил байдгаас гадна жагсаал цуглаан хийсэн иргэдийн эрхийг хамгаалах асуудал ч хөндөгддөг тухай хэлэв.
Хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн хамгаалах асуудалд УИХ-ын дарга анхаарал хандуулж буйд талархаж байгаагаа хатагтай Тесс МакЭвой хэллээ. Юун түрүүнд Монгол Улсын иргэдийн хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн тогтолцоог бэхжүүлэх, түүнчлэн хүний эрхийн өөрчлөлтийн төлөөх эвслүүдийг манлайлах, тэдгээрт оролцоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ асуудалд монголын төр засаг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг ч онцлон хэлэв.
Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллага нь 1984 оноос Хүний эрх хамгаалагчийн тунхаглалыг боловсруулж, НҮБ-аар батлуулах нөлөөллийн аяныг олон талын оролцоотойгоор манлайлан ажилласаар иржээ. Мөн улс орнуудад хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг үндэсний түвшинд баталгаажуулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.