НийтлэлОнцлох

Амьдрах хүсэл буюу дайнаас зугтагсад

18 жилийн өмнө хүний нутагт бичиг баримтгүй, мөнгөгүй, таних хүнгүй, цастай гудмаар оосор нь тасарсан үүргэвч, бариул нь салсан чемоданаа чирээд өнөөдрийг л өнгөрүүлж байвал маргааш намайг ямар хувь заяа угтахыг үл тоон, хэн нэгэн туслах болов уу гэж царайчлангүй харсан ч асууж зүрхлэхгүй алхаж явсанаа мартаагүй. 2004 оны тэр өвөл Англи руу түрүүлж явсан ханийнхаа араас очих гээд хичээсэн ч виз гараагүйн улмаас тухайн үед хүмүүсийн ашиглаж байсан хуурамч гадаад паспортоор хил давдаг аргыг хэрэглэх зориг шулуудан хилийн чанадыг зорьж байсан юм.

Монголдоо хүүгээ үлдээгээд, дараа нь авах төлөвлөгөө зохион алсыг зорьсон тэр аялал минь 5 дах өдрөө Санктпетрбург хотын нисэх буудал дээр өндөрлөсөн. Бичиг баримтын зөрчилтэй гэдэг минь илчлэгдэж, камерт орж, саатуулагдаж байцаагдаж, тэндээсээ түр гадагш гарах эрх олдож, сайн орос эмээ таарч, магадгүй хувь заяаны аз гийж эх орондоо 17 хоноод эргэн ирж байсан тэр үед би ердөө 28-хан настай байлаа.

Мэдээж тухайн үедээ өөртөө маш том хүн мэт санагдаж байсан ч эргэн бодоход залуу насны зориг зүрхээр анх удаа алсын замд ганцаараа гарсан ч тохиосон саад бэрхшээлийг даван туулах хүчийг өөртөө бий болгож, уйлах эрхгүй, уйлаад ч шийдэлд хүрэхгүй цаг үе хүний амьдралд тохиодог гэдгийг надад ойлгуулсан. Барьсан паспорт дээр минь монгол гэж байвч, чухам намайг хэн болохыг батлах зүйл юу ч үгүй, сэтгэлдээ л “Би монгол хүн”  хашгирч явсан тэр л өдрүүдийн зүрх өвтгөсөн дурсамжийг эргэн сануулах мэт өдрүүд эхэлжээ.  

Учир нь өнөөдөр хүсээгүй дайнд оролцохгүй гээд эх орноосоо аргагүйн эрхэнд гарч манай улсад ирээд байгаа ОХУ-ын  буюу буриад залуусын харц яг миний тэртээд үлдсэн өдрүүд шиг маргааш юу болохыг үл мэдэгч, хоромхон зуурт өнгөрөх 30 хоногийн дараа асуудлыг хэрхэн шийдэгдэхийг таах аргагүй бүрхэг. Өнөөдөр дэлхийн хүмүүс бид хүсвэл хаана ч амьдарч болох, харьцангүй эрх чөлөөтэй цаг үед амьдарч байна.

Миний монголчууд ч дэлхийн улс орнуудад тархан суурьшиж, зарим нь түр зуур зарим нь урт хугацаагаар амьдрахаар алсыг зорьж байна. Тэдний адил өөрийн эх орноосоо ирсэн залуусыг буруутгах хэрэггүй. Хүчээр дайчлагдан хүсээгүй дайндаа оролцохгүй гэсэндээ  тэд манай улсыг зорин ирсэн. Ердөө 30 өдрийн зөвшөөрөлтэй визээр эрх чөлөөтэй, дайн дажингүй, энхийг сахьсан эх оронд минь тэд хэсэг амсхийг. Тэдний хэд нь нутаг буцаж дайнд дайчлагдаж, магадгүй эх орноосоо урвасан гэж буруутгагдахыг таашгүй. Зүгээр л хэсэг ч гэсэн тайван амьдруул.

Монголчууд бид азтай хүмүүс. Бид дайны хөлд нэрвэгдээгүй, газар хөдлөлт, цунамид өртөөгүй, цээж дүүрэн амьсгалмаар уудам сайхан эх нутагтай, тал дүүрэн бэлчсэн мал сүрэгтэй. Үг хэлэх эрх чөлөө нь нээлттэй, мэдээж эдийн засаг хямралтай байгаа ч хичээж зүтгэвэл ажлын байр нь байна. Тиймээс ирээд буцдаг энэ амьдралд Монгол хүн болж төрсөндөө таларх.

Хамгийн чухал нь бидэнд эрх чөлөө бий. Хувь хүний эрх чөлөө нь дэндүү их Монгол Улсад төрсөн хувь тавиландаа таларх. Хамгийн гол нь талархсан сэтгэлээ архиар биш ажил амьдралын амжилтаар харуул. Тэр амжилт тань таныг Монгол Улсын аз жаргалтай иргэн болгоно.

Өөрөөсөө эхэл. Өрөөлийг шүүмжилж бус өөртэйгээ ажиллаж, өөрийгөө бүтээхийн төлөө хичээ. Та хүсвэл бүхнийг хийж чадна. Хийж бүтээ. Зүгээр л итгэ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version