Байгаль орчинНийгэмЭрүүл мэндФото сурвалжлага

Веган байж “Эх дэлхийгээ хамгаалъя”

Дэлхийн улс орнууд хүрээлэн буй орчиндоо ээлтэй, ургамалд суурилсан хооллолтын хэв маягийг сурталчилан дэлгэрүүлэх зорилгоор жил бүр веган фестивалийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл Монгол Улсад анх удаа “Эх дэлхийгээ хамгаалъя” уриатай веган фестиваль өнөөдөр Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд боллоо.  

Хоёр өдөр үргэлжилсэн тус арга хэмжээг Чингэлтэй ЗДТГ, НЭМГ, Монголын органик ногоон хүнсний холбоо ТББ, Энэрэл МСҮТ болон веган хоол, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг иргэд байгууллагууд болон амьтны эрх хамгаалах, байгаль орчин, амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим ТББ-ууд /2022.09.24-25/ хамтран зохион байгуулав.

Веган буюу ургамалд суурилсан хооллолт нь амьтны гаралтай ямар нэгэн орц найрлага агуулаагүй хүнсийг амьдралын хэв маягтаа оруулж, эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой зэрэг олон давуу талыг энэ үеэр сурталчилан таниуллаа.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд голлох нөлөө үзүүлж буй хүлэмжийн хийн ялгарлын 51 хувь нь мал аж ахуйн салбараас гардаг гэжээ. Оксфордын их сургуулийн судалгаагаар махан хоолтон өдөрт 7.19 кг нүүрстөрөгч ялгаруулдаг бол цагаан хоолтой 3.81 кг нүүрстөрөгч, веган хоолтой 2.89 кг нүүрс төрөгч ялгаруулдаг. Түүнчлэн 1 ширхэг махан бургер боловсруулахад 1000 литр ус зарцуулагддаг бол 1 ширхэг веган бургер боловсруулахад 167 литр ус зарцуулдаг гэх тооцоо гарчээ.

Тиймээс веган байж “Эх дэлхийгээ хамгаалцгаая” хэмээн оролцогчид уриаллаа. 

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version