Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Парламент хооронд харилцаа тогтоосны 30 жил, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын гишүүнээр элссэний 60 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ хүрээнд “Монголын соёлын өдрүүд“ арга хэмжээг Бүгд Найрамдах Франц Улсын Парис, Бельгийн Вант Улсын Брюссель хотод зохион байгууллаа. Арга хэмжээний онцлох хэсгийн нэг нь МГЗНХ-ны гишүүн, Мастер гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Splendeur de Mongolie“-“Үзэсгэлэнт Монгол орон” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн байв.
Үзэсгэлэнд монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн нүүдэлчдийн ахуй амьдрал, аж байдал, амьдарч буй байгаль орчин, уудам тал нутаг, говь хээр, орчин цагийн хотын амьдрал, уламжлалт соёл урлаг зэрэг өргөн хүрээг харуулсан бүтээлүүдийг дэлгэсэн байна. Мөн гэрэл зургийн үзэсгэлэнг давхар цахим хэлбэрт шилжүүлж олон нийтэд толилуулж байгаа ажээ.