НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улс энэхүү хүндэт үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн тулд Төрийн тэргүүний хувьд манлайлан ажиллана гэлээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио хэлэв.
Дэлхийн улс орнуудын нийтлэг сорилт болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудыг урагшлуулах чиглэлээр дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлэв.
Цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал, Монгол Улсын өмнөд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.