“Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээ”-г хийлээ
ХЭҮК, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо болон ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хамтарч “Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээ”-г 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд улсын хэмжээнд хийж дууслаа.
Үнэлгээний хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерыг хамруулж, тандалт судалгаа хийсэн байна. Түүнчлэн сүрьеэтэй иргэд болон тэдгээрийн ар гэр, олон нийт зэрэг 700 гаруй иргэнээс дөрвөн төрлийн асуумжаар судалгаа авсан бол хууль, эрх зүй, бодлогын бичиг баримтад мөн үнэлгээ хийсэн.
Өнөөдөр /2022.09.20/ болсон үнэлгээний үр дүнг танилцуулах арга хэмжээнд ХЭҮК-ын дарга, үнэлгээний багийн зөвлөх Ж.Хунан, Мельбурнийн их сургуулийн профессор Стив, Грахам, профессор Жастин Денхолм болон МСТХ-ны тэргүүн, үнэлгээний багийн ахлагч Н.Наранбат, анагаах ухааны доктор, үнэлгээний багийн ахлагч Ц.Базаррагчаа болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.