Хууль эрх зүй

Эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 5 хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 722 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Э” нь Татварын ерөнхий газарт Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа “Т” ХХК-ийг 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж Х тайлан гарган үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж давуу байдал бий болгож, онцгой албан татварын тэмдэг олгосон, 12.0 төгрөгийн хахууль авсан гэх;
  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200.0 сая төгрөг хахуульд авсан гэх;
  • “Ц” нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэрэгжүүлэлгүй 2019 оны 10 дугаар сард орон нутгийн хөрөнгөөр хийгдэх 51,325,200 төгрөгийн төсөвт өртөгтэй, “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр бичиг баримт дутуу, шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж бусдад давуу байдал бий болгосон үнэлгээний хорооны дүгнэлтийг татгалзалгүй гэрээ байгуулсан гэх;
  • Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, баталсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн иргэд, олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүргэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг тус албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн даргаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг нь дээрх ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль журмыг зөрчсөн гэх;
  • Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор “Г” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан … дугаартай “Б”-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч “А”-ийн мэдүүлгийн тэмдэглэл болон “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолын огноог засварласан гэх.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version