Дуу хөгжимFocus

Дуучин Б.Отгончимэг, морин хуурч Б.Номуундэлгэр нар Соёлын тэргүүний ажилтан боллоо

Соёл, урлагийн ажилтны өдөр /2022.09.08/ тохиож, Монгол Улс эл өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр нар нийслэлд соёл урлагийн салбарт олон жил ажилласан, салбартаа түүчээлэгч эрхмүүдэд шагнал гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Соёл, урлагийн ажилтны нийгмийн асуудалд нийслэлийн зүгээс онцгой анхаарч байна. Энэ чиглэлээр дэмжих бодлогыг боловсруулан ажиллаж байгаа. Иймд бодит үр дүн та бүхэнд удахгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлж, нийслэлийн иргэдийн соёлын цангааг тайлж буй та бүхэнд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “Нийслэл Улаанбаатар хот бол их айл. Улаанбаатар хотод соёлын чиглэлээр ажиллаж байгаа маш олон уран бүтээлч, ажилтан бий. Тэдэн дундаас энэ салбарт 15-30 жил ажилласан, соёлын салбарын түүчээлэгч уран бүтээлч, соёлын ажилтнууд цөөнгүй. Нийслэлийн Соёл, урлагийн газраас урлаг, соёлын ажилтны баярын өдрийг тохиолдуулан салбартаа  нэр нөлөө бүхий уран бүтээлчдийг урамшуулж байна” хэмээсэн юм.

Шагнал хүртсэн уран бүтээлч, соёлын салбарын төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Баянзүрх дүүргийн Соёлын ордны номын санч Д.Оюунтуяа:

-Соёлын яамны Хүндэт жуух бичгээр шагнуулсандаа баяртай байна. НЗДТГ болон Нийслэлийн Соёл, урлагийн газарт талархлаа илэрхийлье. Мөн энэ салбарт ажиллаж буй хүмүүстээ баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Чөлөөт уран бүтээлч Д.Туяа:

-Би 2004 оноос хойш 19 жил соёл, урлагийн салбарт ажиллаж байна. Миний багш бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа. Өнөөдөр би Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэсэн эрхэм цолыг хүртлээ. Энэхүү шагналыг хүртэх хүртэл тусалж, дэмжиж ирсэн ижий, аав, уран бүтээлийг минь хөглөж, тэрлэж өгдөг ханьдаа баярлалаа. Багшдаа болон соёл, урлагийн салбарт ажиллагсад, энэ салбарт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэнд хүргэе. Биднийг дэмжин ажилладаг Соёлын яам, Нийслэлийн Соёл, урлагийн газарт мөн талархал илэрхийлье.

Баянзүрх дүүргийн Соёлын ордны үйлчилгээний ажилтан Г.Алтанчимэг:

-Миний хувьд соёл, урлагийн салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдрийн энэ баярт өдөр НИТХ-ын хүндэт тэмдгээр шагнууллаа. Хамт олондоо болон соёл, урлагийн салбарт ажилладаг хүмүүстээ баярын мэнд хүргэе.

Чөлөөт уран бүтээлч Б.Отгончимэг:

-Би 10 гаруй жил соёл, урлагийн салбарт, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа. Энэ хугацаанд хамтарсан болон ганцаарчилсан олон уран бүтээлийг хүмүүст хүргэсэн. Урлагийн хүмүүсийн хувьд хүндтэй шагнал болох Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртэн баярын өдрөө угтлаа. Олон уран бүтээл хийх урам зориг авч байна. Соёл, урлагийн салбарынхандаа баярын мэнд хүргэе гэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version