Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг-ыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2022.09.07) Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн хугацаанд найрсаг, ойр дотно харилцаа тогтоож, нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, Монгол, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож буй энэ онд Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх хүрээнд энэ сард хоёр улсын парламентын дарга нарын цахим уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгааг Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр улс газар зүйн хувьд хол ч, төмөр замын тээврээр дамжуулан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой.
БНАЛАУ-ын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь Лаосын тээвэр логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг найрсаг дотноор хүлээн авч байгаад Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгт талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.
Тэрбээр, БНАЛАУ-ын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн талаар товч танилцуулаад хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Хоёр улсын найрамдалт харилцааны 60 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж ирсэн. Цаашид хууль тогтоох байгууллагын харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд харилцан айлчлал, санал солилцох уулзалтуудыг тогтмолжуулах, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, олон улсын болон бүс нутгийн тавцанд харилцан нэгнээ дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг дурдав.
Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэх асуудал чухал нөлөөтэйг тэмдэглээд энэ чиглэлд анхаарч ажиллахыг Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүдээс хүсэв.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ гарц, боломжуудын талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс байцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.