Маргааш нийслэл орчмын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 19-ний өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.
Маргааш буюу 20-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.
Түүнчлэн маргааш буюу 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох төлөвтэй байна.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Уншсан: 38