ХАА-н салбарОнцлох

Х.Сүхбаатар: Хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан “Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар /2022.08.17/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө.

НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар хэлэхдээ “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.

Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай.

Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгаа. Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу олны хэлдгээр ченжийн гар дамжихгүйгээр шууд тариаланчаас иргэдийн гарт хүрэх боломжтой юм. Мөн өнгөрсөн хавар Засгийн газрын тогтоолоор тариалан эрхлэлтийг дэмжиж тариаланчдад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хүнсний ногооны үр олгосон.

Харин долоодугаар сарын 27-ны Засгийн газрын тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулахад шаардлагатай дизель түлшний үнийг  тогтвортой байлгаж, шаардлагатай шатахууны үнийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд есөн дүүргийн 71 аж ахуй нэгж, 261 иргэний материалыг холбогдох яамны харьяа хэлтэс, нэгж рүү илгээсэн байгаа” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version