Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.
Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна.
Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй, худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлэх аж.
Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас онцолж байна. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ.