НийгэмFocus

Зөвшөөрөлгүй байрлуулсан 74 самбарыг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн уг ажил хотын төвөөс эхэлсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн тойргийн зүүн хойно  зөвшөөрөлгүй байрлуулж, ашиглалтгүй орхигдсон том хэмжээний самбарыг буулгасан юм. Самбар буулгах үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү нартай уулзсан юм.

ЗАР, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУДЫГ ЭМХ ЦЭГЦТЭЙ БОЛГОТОЛ ЭНЭ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ  

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан “Гадна зар сурталчилгаанд тавих шаардлага”, 2017 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Тэрхүү шаардлагад гадна сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байна, авто замын хяналтын камер болон гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг халхлахгүй, дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлуулахгүй гэхчлэн маш тодорхой заасан байдаг.  

Гэтэл Улаанбаатар хотод дээрх шаардлага болон журмыг зөрчсөн, нийтийн эзэмшлийн газарт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр замбараагүй барьж байгуулсан, хийц бүтээцэд нь эвдрэл гэмтэл гарсан, өнгө үзэмжээ алдсан самбар, сурталчилгааны байгууламж маш олон байна. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хууль, журам зөрчиж байршуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том жижиг нийлсэн 74 самбарыг албадан буулгаж, газар чөлөөллөө. Нийслэлийн зүгээс автозамуудын дагуу зүг чиг заасан тэмдгүүдийг байршуулахыг зорьж байгаа. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөөтэй, хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлнө. Бас нэг хэлэх ёстой  чухал зүйл бол түгжрэлийн эсрэг цогц арга хэмжээний нэг нь зүг чиг заасан мэдээлэх самбарыг нэмэгдүүлэх юм гэлээ.

-Албан ёсны зөвшөөрөл авч байршуулсан самбар хэр олон байна вэ?

-Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын шаардлагыг хангасан гадна сурталчилгааны байгууламжууд бий. Гэхдээ хотын хэмжээнд байршуулсан самбаруудын ихэнх нь журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Журамд гадна сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламж байрлуулахыг хориглосон зам талбай олон бий. Тухайлбал, Энхтайван болон Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпын, Токиогийн, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу, Наадамчдын зам гэхчлэн нийт 12 байршилд зар сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон байдаг. Самбар, сурталчилгааны байгууламжийг дураараа байрлуулсны улмаас авто замын мэдээлэх  болон зүг чиг заах тэмдгүүд нь ялгарч харагдахгүйгээс жолооч нарт хүндрэл учруулж байна.

Жолоо барьж буй хүн бүр хотын замыг сайн мэдэхгүй. Гэтэл сурталчилгааны самбарууд жолоочийн анхаарлыг сарниулахын зэрэгцээ зам болоод эгнээ байраа зөв сонгоход саад учруулдаг. Үүнээс үүдэн хүмүүс зорьсон газартаа зөв замаар зорин очиход сөрөг нөлөө үзүүлж буй юм. Мөн нэг хэлэх ёстой зүйл бол сурталчилгааны самбарууд эзэнгүйдсэн явдал. Өнгө үзэмжээ алдаж, эзэнгүйдэж эвдэрч муудсан самбарууд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахааргүй байдалд хүргээд байгаа юм. Тиймээс гадна сурталчилгааны самбаруудыг эмх цэгцэд оруулах ажлыг эхлүүлээд байна.

-Энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Нийслэлийн Засаг даргын өгсөн үрэг даалгавар бүрэн биелж, Улаанбаатар хотод байрлуулсан сурталчилгааны самбаруудыг цэгцлэх зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Энэ жилдээ багтаагаад эмх цэгцтэй болгохыг зорьж байгаа гэсэн юм.

САМБАР БУУЛГАХ АЖЛЫГ ГОЛЧЛОН ШӨНИЙН ЦАГААР ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Зөвшөөрөлгүй байршуулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй самбар, сурталчилгааг буулгах ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байгаа. Авто кран болон, хүнд даацын тээвэр хийх боломжтой автомашиныг ашиглан ажиллаж буй тус хамт олны хувьд өнгөрч буй хугацаанд нийтдээ 74 самбарыг буулгажээ. Ихэнхдээ үдэш оройн цагаар ажиллаж, том хэмжээний самбар буулгадаг гэдгийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү онцолж байлаа. Тэрбээр цааш хэлэхдээ:

-Манай хотын хувьд гудамж замын нэршил, байршил, зүг чиг заасан тэмдэг тэмдэглэгээ ховор байдаг. Улаанбаатар хотын иргэд үүнийг тэр бүр анзаардаггүй. Гэтэл гадаадын зочид төлөөлөгчид болон хөдөө орон нутгаас ирж буй хүмүүсийн хувьд хүндрэл учруулдаг. Тиймээс хуучирч муудсан зар сурталчилгааны самбаруудыг буулгаж, чиг заах тэмдэг, тэмдэглэгээ хийж буй нь маш зөв ажил. Манай байгууллага самбаруудыг буулгахын зэрэгцээ зүг чиг заасан тэмдгийг шинээр байршуулж байна. Хорин хоёрын товчоо болон Саппорогийн тойрог  орчимд гурван байршилд зүг чиг заах тэмдгийг шинэчлэн байршуулсан.

-Самбар буулгах ажлыг голчлон шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа нь ямар учиртай вэ?

-Сурталчилгааны самбар болон байгууламжууд голчлон төв зам дагуу, хотын гол гол гудамжуудад байршсан байдаг. Тиймээс өдрийн цагаар буулгах боломжгүй байна. Замын хөдөлгөөн татарч, үгүйдээ л нийтийн тээврийн хэрэгсэл зогссон үед самбар буулгах ажлыг гүйцэтгэж байна.

-Самбар буулгах ажилд хүндрэл бэрхшээл тохиолдож байна уу?

-Тухайн байгууламжийг байрлуулсан этгээдүүд эсэргүүцэж дургүйцэх тохиолдол байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй хашаанд байршсан тохиолдолд бэрхшээлтэй байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх байдлаар аль болох ойлголцож ажиллаж байна.

-Хүмүүс энэ ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ойлгож байгаа. Ялангуяа иргэдийн зүгээс их дэмжиж, талархаж байгаа. Хэт олон самбар, сурталчилгаанд бидний нүд дасчихсан байдаг юм байна. Буулгаад цэгцлээд ирэхээр маш гоё болж байгааг хүмүүс хэлж байна. Хорин хоёрын товчооноос Эмээлт хүрэх замд л гэхэд замын хоёр талд маш олон самбар байсан.

Томоохон аж ахуйн нэгжийн сурталчилгаанаас эхлээд зуурмагийн цех, дугуй засвар, мал мах, түүхий эд авах зар гэхчлэн дэндүү олон  замбараагүй самбарууд эгнэсэн байсан. Зарим нь бүр хаягдаж орхигдсон, эзэн нь тодорхойгүй, нурж унах шахсан нь ч бий. Тэдгээрийг буулгаад ирэхээр хот маань маш цэвэрхэн болж байгаа. Цаашид хот маань замбараагүй самбаруудаас ангижирч, цэгцтэй цэвэрхэн болохын дээр замын зүг чиг заах тэмдэг зэрэг хүмүүсийн хэрэгцээг хангасан мэдээлэл л замын хажууд байршуулдаг болох юм гэлээ.

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ ХААНА БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОДОГ ВЭ? 

Нийслэлийн ИТХ-аас 2017 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-д дараах байршлуудад зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглохоор заасан байна.

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ:

1.Гадна зар сурталчилгааг доор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно:

1.1.соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;

1.2.музей, дархан цаазат газар;

1.3.архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;

1.4.сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;

1.5.төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт.

2.ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ТУЛГУУРТ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ДООР ДУРДСАН ГУДАМЖИНД БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. ҮҮНД:

2.1.Энхтайваны өргөн чөлөө /Саппорогоос Офицеруудын ордон/

2.2.Чингисийн өргөн чөлөө;

2.3.Сүхбаатарын гудамж;

2.4.Их сургуулийн гудамж;

2.5.Жуулчны гудамж;

2.6.Олимпын гудамж;

2.7.Их Монгол улсын гудамж;

2.8.Токиогийн гудамж;

2.9.Бээжингийн гудамж;

2.10.Сөүлийн гудамж;

2.11.Бага тойруу болон түүнээс дотогш гудамж;

2.12.Наадамчдын зам гэж тодорхой заасан байдаг юм байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version