ЯрилцлагаСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

Тодко Самсон: Бид өнөөдөр хайр ургуулж байж, ирээдүйн нийгэм маань илүү гэрэл гэгээтэй болно

Амьдрал бол хайр юм. Хайр бол итгэл найдвар, урам зориг, гайхамшиг, ид шидээр дүүрэн байдаг гэдгийг өчигдөр залуучууд баталлаа. Магадгүй та бидний амьдралд гэрэл гэгээ нэмэх хэн нэгэн үгүй бол хэрхэн урагш алхаж, юунд итгэж найдаж, өдөр хоног ямар байдалтай өнгөрөх байсныг таах аргагүй. Хүмүүс нэг нэгэндээ итгэдэгтээ, хүн хүндээ хайртай байдагтаа, энэ амьдралын сайн сайхан бүхнээр жигүүрлэн урагшилдаг нь өөрөө гайхамшиг, ид шид билээ.

Өчигдөр монголчууд та бидний сайн таних зохиолч Todko Samson өөрийн төрсөн өдрөөрөө 10000 ХАЙР чаллэнжийг өрнүүлж, Дундговь аймагт баригдаж буй Ид шидийн орон Хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг тасралтгүй явуулах хөрөнгө босгоход өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж 150 сая төгрөг цуглуулж, чадсаныг та бүхэн түүний цахим хуудаснаас харсан биз ээ.

Тэгвэл Зохиолч Т.Мягмартогтох буюу Todko Samson-той төрсөн өдрийн хаалтын үеэр /2022.07.26/ цөөн хором ярилцаж сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.

-Өдөр таниас сэтгэгдлийг тань асууж байхад юу хэлэхээ сайн мэдэхгүй байна гэж байсан. Харин яг одоо, энэ өдрийн төгсгөлд юуг мэдэрч байна?

-Одоо бол ард түмэндээ л их хайр хүрч байна. Миний хийсэн юм гэж юу байх вэ. Бид Ид шидийн оронд юу хийх талаар Лантуун дохиогийнхоо залуучуудтай өчнөөн хоног ярьж бэлдэж байгаад хийсэн. Би бол зүгээр л ковер. Киногоор бол киноны нэр нь. Киноны ар талын найруулга, хөгжим, тавилт зохиол болсон маш олон залуучууд оролцож, хамтдаа өнөөдрийн энэ гайхамшгийг бүтээж чадлаа.

21-хэн цагийн хооронд бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд ард түмнийхээ 6 мянга гаран иргэн маань энэ 10 мянган хайр үйл ажиллагаанд оролцлоо. Үүнээс илүү баяр жаргал, үүнээс илүү төрсөн өдрийн баяр гэж юу байхав. Би урьд нь төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй, тэгэхдээ дараа нь найз нөхдүүдтэйгээ төрсөн өдөр тэмдэглэхэд, эсвэл алдар гавьяаны баяр тэмдэглэхэд би ийм их аз жаргал, баяр хөөрийг мэдрэхгүй гэдгээ сайн мэдэж байна.

-Монголын ард түмэн та бүхэнд талархаж байгаа сэтгэлээ үг, үйлдлээрээ мэдэгдэж байна. Энэ маань нөгөө талаараа Монголын шинэ үе ирж байна гэдгийг харууллаа гэж гэж бодож байна. Энэ талаарх таны сэтгэгдэл?

– За яах вэ. Яг хатуу үнэнийг хэлэхэд бид өөрсдөө зүгээр л амин хувиа бодоод дор бүрдээ ажил хөдөлмөрөө хийгээд сайхан амьдарчихаж болно. Хамгийн гол нь жинхэнэ ирээдүй болсон шинэ үеийн залуучуудыг бид бэлдэж өгөх ёстой. Тэдэнд бид нар тэгш боломжийг олгох ёстой. Тэд нарыг бид хүчирхийлэл, хүнд хэцүү хар савраас аварч байх ёстой. Тэд нар л жинхэнэ шинэ үе, шинэ ирээдүй.

Тийм учраас хүнд хэцүү, эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдэд бид өнөөдөр туслахгүй бол маргааш энэ хүүхдүүд бидний хүүхдүүдтэй хамт нэг нийгэмд амьдарна. Өнөөдөр бид энэ хүүхдүүдийн сэтгэхүйд хайр ургуулж чадахгүй бол одоогийн нийгэм бол хүчирхийлэл ургуулна. Тиймээс энэ хүнд хэцүү, хар бараан нийгмийг эсэргүүцэж хайр ургуулж байж  ирээдүйн нийгэм маань илүү гэрэл гэгээтэй болно.

Ирээдүйн бид нарын үр хүүхдүүд, энэ хайр мэдэрсэн хүн бусдад хайр л өгнө. Хүчирхийлэл мэдэрсээр байвал хүчирхийлэл л өгнө. Тэгэхээр бид нийгэмд чи юу хийсэн юм, чи ямар гавьяа байгуулсан юм гэж хэлэхээсээ илүү өнөөдөр зүгээр л 10 мянган төгрөг хайр болгож илгээсэн хүмүүс энэ нийгэмд маш том юм хийж байна.

Ямар ч том улс төрч, тэргүүн баян, хэнээс ч үл хамаараад ард түмэн өөрсдөө нэг аймгийн хүүхдүүдийг ингээд хамгаалаад авчихаж чадаж байна. Энэ бол нийгмийн маш том өөрчлөлт. Ард түмнээрээ хамт хийсэн нийгмийн үйлчлэл. Өнөөдөр энэ аянд оролцсон, нэгдсэн бүх хүмүүс яг бодитоор энэ гайхамшигтай зүйлийг хийж байгаа нь л жинхэнэ ирээдүйн гэрэл юм. Төрсөн өдөрт минь оролцсон бүх хүнд баярлалаа. Хайрлагдаж яваарай.

1 / 8

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version