ЭМЯГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

УГТЭ-т хэрэгжиж буй Люксембургийн зүрх судасны төслийн 20 жилийн ойг тэмдэглэв

Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар, Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт 21 дэх жилдээ тасралтгүй хэрэгжиж буй Зүрх судасны төслийн 20 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй Люксембургийн Гадаад болон Европын хэргийн яамны төлөөлллүүд, Люксембургийн Хөгжлийн Хамтын ажиллагааны агентлагийн төлөөллүүд, Бээжин дахь Люксембургийн элчин сайд, Монголын улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гадаад харилцааны яам, Сангийн яамны удирдлагууд, ЭМ-ийн салбарын үе үеийн сайд, газрын дарга нар, Люксембург, Франц болон БНСУ-ын зүрх судасны мэргэжлийн зөвлөхүүд, эмнэлгийн удирдлагууд, Нийслэлийн болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, эмч нарын төлөөлөл болон төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, албаны хүмүүс оролцов.


21 жилийн өмнө эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудал болох нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах замаар Монгол улсын хүн амын дундах зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл мэндийг сайжруулах зорилготой эхэлж байсан энэхүү төсөл үе шат бүртээ тавьсан зорилгодоо амжилттай хэрэгжиж байгаа билээ.



Төслийн хэрэгжилтийн үр дүнгээс товч дурдахад:

• Нийт хүн ам дахь зүрх судасны өвчний (ЗСӨ) нас баралтыг үнэмлэхүй хэмжээгээр, зүрх судасны өвчнөөр оношлогдсон өвчтөнүүдийн нас баралтын түвшинг тууштай бууруулан, ЗСӨ өвчлөлийн тархалтыг огцом, давшингуй ихсэлтээс сэргийлэхэд энэхүү төсөл голлох үүрэг гүйцэтгэсэн.

• Үндэсний хэмжээнд зүрх судлалын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор гадаад дотоод сургалтууд, эрдэм шинжилгээний хурал семинаруудыг 20 жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн.

• Зүрхний хэт авиан оношилгоо, зүрхний 24 цагийн цахилгаан бичлэг иммуноанализатор болон цус бүлэгнэлтийн анализатор, зүрхний цахилгаан бичлэг, ачаалалтай зүрхний цахилгаан бичлэг, автомат даралт хэмжигч аппарат, тариа болон дуслын шахуурга, дефибриллятор, компьютерийн иж бүрдэл зэрэг ЗСӨ оношилгоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 31 байгууллагыг бүрэн хангаж, тодорхой давтамжтайгаар тасралтгүй шинчилж ирсэн.

• Зүрх судасны салбарын хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулж, ЗСӨ-ний оношилгооны 11, зүрхний мэс заслын 10, интервеншнл кардиологийн 8, зүрхний хэм судлалын 13, нийт 42 дэвшилтэт технологийг Монгол Улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхлан нэвтрүүлж, нутагшуулах замаар гадаадад эмчлэгдэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтаас зүрх судасны чиглэлийн хүнд хэлбэрийн 2 өвчнийг хасуулж, ЗСӨ-ний ахисан шатны оношилгоо, мэс засал эмчилгээг иргэд эх орондоо чанартай, хямд өртгөөр хийлгэх боломжийг бүрдүүлсэн.                                      

 • Сүүлийн 10 жилд нийт 8,351 иргэн өөрийн эх орондоо зүрх судасны мэс засал эмчилгээ хийлгэж эмчлэгдсэний 2,092 нь зүрхний нээлттэй, цусны зохиомол эргэлттэй мэс засал, сүүлийн 20 жилд 18,898 иргэн титэм судасны ангиографи оношилгоо хийлгэсний 11,509 нь титэм судас тэлэгч стент эмчилгээг, мөн 1,803 иргэн нийт 4 төрлийн (пейсмейкер, аблаци, гисс-пейсинг, олон жилийн ЗЦБ суулгац) мэс заслын тусламжаар эмчлэгдсэн байна.

                                                                                       

Цаашид зүрх судлалын мэргэжилтнүүдийг улам чадавхжуулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлд Зүрх судасны үндэсний төвийг бүтээн байгуулах төслийг эхлүүлж шинэ эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулж, шаардлагатай бичиг баримт, хөрөнгө санхүүжилт татах тал дээр хичээн ажиллаж байна.

Тус төслийн үр шимийг нийт Монгол Улсын 31 эмнэлэг, 11 мянган эмнэлгийн мэргэжилтэн шууд байдлаар хүртсэн бол оношилгоо эмчилгээ хийлгэсэн 800,000 гаруй иргэн, аюулт өвчнөөс амь нас аврагдсан 2,600 гаруй иргэн, тэдний ар гэрийнхэн төслийн үр шимийг шууд бусаар хүртэж, МУ-ын эрүүл мэндийн салбарт 21 жил тогтвортой хэрэгжиж, Монгол хүн ардын эрүүл мэндэд үлэмж их хувь нэмрээ оруулсан төсөл болсон юм.


Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version