Нүүрсний экспорт нэмэгдэж байна
Манай улсын нүүрсний томоохон компаниуд болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн уурхайнууд хэвийн ажиллаж байна. Компаниудын үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа нь нүүрсний экспорт нэмэгдэх боломжийг олгож буйг УУХҮЯ-наас мэдэгдэж байна. Тодруулбал, экспортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Компаниудын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 9.3 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1.9 сая тонныг гаргаад байна. Нээсэн нүүрсний нөөц хангалттай байгаа тул борлуулалт сайжирвал төлөвлөгөө бүрэн биелүүлэх боломжтойг мэдээлж байна. “Энержи ресурс” компанийн хувьд хил, боомтын нэвтрэлтээс шалтгаалж үйлдвэрийн хүчин чадлаа 40-50 хувиар ашиглаж буйг мэдээллээ.
Тус компанийн нүүрс угааах үйлдвэр нь жилд 15 сая нүүрс баяжуулах хүчин чадалтай бөгөөд сүүлийн 10 жилд 69.5 сая тонн нүүрс баяжуулаад байна. Бүтээгдэхүүний тухайд 9-10 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Дээрх хэмжээний нүүрс экспортлох боломжтой ч мөн л хил, боомтын нэвтрэлтийн хүчин чадал, худалдааны байдлаас хамаарч буйг мэдээлж байна.
Тэгвэл ГХЯ-наас хилийн боомтуудын үйл ажиллагаа нээлттэй, хэвийн болж буйг мэдээлж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ажиллагаатай автозамын 9 боомт ажиллуулах хэлэлцээртэй. Үүнээс 7 боомт нь нээлттэй, ачаа, тээврийн хөдөлгөөн хэвийн явагдаж буйг мэдээллээ.
Цар тахлын улмаас БНХАУ-ын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ноос эхлүүлээд байна.
Ингэснээр нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж, цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцоод байна. Одоогийн байдлаар цар тахлаас шалтгаалж аль нэг боомтын үйл ажиллагааг хязгаарлах талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгааг тодотгож байна.