Монгол Улсын Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон.
Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү албан даалгавартай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхны хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 60 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.
ШАХМАЛ ТҮЛШ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН, ЧАНАРЫГ НЬ МЭДЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Нийслэл хотын хувьд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гарч, хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх шатанд ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн нэг хэсэг нь шахмал түлшний нөөц бэлтгэх, гэр хорооллын иргэдийг түлшээр хангах ажил байдаг. Нийслэлчүүдийн хувьд шахмал түлшийг дөрөв дэх жилдээ түлэх гэж байна. Хэрэглээнд нэвтэрсэн, үр ашиг, чанарыг нь мэдсэн бүтээгдэхүүн. Гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлыг ая тухтай, дулаан өвөлжүүлнэ гэдэг том асуудал.
Ирэх өвлийн хувьд нийслэлийн Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд багтаж, хэрэглэх түлшний хэмжээ 700 мянгад хүрэх төлөвтэй байна. Нийслэлийн хувьд шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулагчдын урамшуулал, цалин хөлсний асуудлыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 60 мянган тонн нөөц бүрдүүлэн хадгалж байна. Аравдугаар сарын 1 гэхэд нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүрэг өгсөн. Гэтэл агуулах тун хүрэлцээгүй байна. Ковидын үеэр агуулах олдоцтой байсан бол энэ жилээс ховорхон болж байна. Гэвч бид бүх боломжит хувилбарыг судалж, хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн юм.
Түүнчлэн шахмал түлшний борлуулалтыг эртнээс оновчтой зохион байгуулах, өндөрлөг газарт аж төрж буй иргэдэд хүргэх, тэр дундаа ахмад настан, олон хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор өндөрлөг газруудад борлуулалтын цэг байгуулах саналыг ч гаргаж байлаа. Өндөрлөг газруудад тээвэр хийх компанийг тусад нь шалгаруулж, тарифыг ялгаатай тогтоох боломжтойг ч мөн хэлж байлаа. Тээврийн компаниудад тавьж буй шалгуурыг хэт өндөр байлгах нь зохимжтой буй гэдгийг ч мөн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө дурдсан юм.
ЦААШИД ДАРХАН, ЭРДЭНЭТЭД Ч ШАХМАЛ ТҮЛШ НИЙЛҮҮЛДЭГ БОЛНО
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд түлш нийлүүлэлт, борлуулалтад шинэлэг хэлбэрийг ашиглах, нийслэлийн хувьд хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах, энэ жилээс түлш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, түлш борлуулах картыг ашиглан түгээлтийг оновчтой болгох, борлуулагч нар ашиг олохын сацуу түлш хадгалах агуулахтай болгоход болохгүй зүйлгүй гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Салбарын сайд цааш нь хэлэхдээ “Үйлдвэрлэлийг түргэсгэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүрэн ажиллуулж эхлэх үүрэг даалгаврыг өгсөн. Зүүн үйлдвэр нь жилд 900 мянгаас нэг сая 200 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.
Улаанбаатар хот жилдээ 600 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг. Тиймээс цаашид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ярих бус Дархан, Эрдэнэт, бусад галт тэргээр холбогдож буй бүхий л хот сууринд шахмал түлш нийлүүлэх, аймгуудын төвүүдийг агаарын бохирдлоос салгах асуудлыг хөндөн тавих цаг болсон” гэлээ.
“Өнөөдрийн байдлаар манай баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, 60 мянган тонн түлш нөөцлөөд байна. Аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонныг нөөцөлсөн байх ёстой. Бид наймдугаар сарын 1-ээс зүүн бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрийн бүсийн агуулахад 6000 тонн түлш нөөцлөөд байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх хэлж байлаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР