Монгол залуусын ур дүйгээс бүтсэн “MOZO X” загварын шинэ төмөр хүлгийг танилцууллаа
“Хэрэглэгчдээ хэзээ ч явгалахгүй” хэмээн ярьж байгаа энэ залуу бол “Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэл юм. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд монгол залуусын гарын ур, ухааны дүйгээс бүтсэн бартаат замын “MOZO X” загварын шинэ төмөр хүлгийг танилцууллаа.
Гурван жилийн өмнө байгуулагдсан “Барс Моторс” ХХК өмнө нь “MOZO”, “GERO” гэсэн хоёр ч загварын суудлын машинаа гадны болон дотоодын зах зээлд нийлүүлж байсан бол эдүгээ “MOZO X” загвараа худалдаанд нийлүүлэхэд бэлэн болжээ.
“MOZO X” нь:
-Мицубиши мотортой
-Зуун км-т 6 литр бензин зарцуулдаг
-Туулах чадвар сайтай
-Эд ангийг Европоос нийлүүлдэг
-Бат бөх, эдэлгээний чанар өндөртэй
-Хэрэглэгчдийн тав тухыг хангасан
-Уг загварын туршилтыг Монголдоо хийсэн
-Үйлдвэрийн баталгаатай
-Үнэ 129 сая төгрөг
-Лизингээр худалдан авах тохиолдолд Голомт, Богд банканд хандах боломжтой
-Захиалга өгснөөс 2 долоо хоногт багтаан хэрэглэгчийн гарт очно
-Эвдрэл гарсан тохиолдолд 24 цагийн дотор засвар үйлчилгээг хийнэ
-Шаардлагатай тохиолдолд эвдрэлийг арилгах хүртэл хугацаанд унах машиныг санал болгох гэнэ. “Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэл энэ үеэр хэлэхдээ, “Манай шинэ загварын автомашиныг “Шинэ 69” гэж ойлгоход болно. Тиймээс аймгуудын нутгийн зөвлөл сумдын эмнэлгүүдэд нэг нэгийг аваад өгчихөд гэмгүй” хэмээсэн.
Түүнчлэн дараагийн загвар буюу “MOZO EVision” (хайбрид) төмөр хүлгийг 11 сард олон нийтэд танилцуулахын зэрэгцээ БНСУ-ын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Үүний зэрэгцээ Монголын хамгийн анхны автомашин “MOZO”-г үйлдвэрлэгч “Барс Моторс”-ынхон хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгө оруулалтыг хамгаалах, өсгөх зорилгоор дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг болох Инчёны олон улсын нисэх онгоцны буудалд “MOZO TRAVEL CAFE”-г нээх гэж байна. Инчён нисэх онгоцны буудлаар өнөөгийн байдлаар өдөртөө 50 мянган хүн дамжин өнгөрч, үйлчлүүлж байгаа бөгөөд тус кофе шофоор дамжуулан хилийн чанадад өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, Монголынхоо аялал жуулчлалыг сурталчлан таниулах ажлуудыг хийх бүрэн боломжтой юм.
Тус компани хилийн чанадаас гадаад валют татах ажлынхаа хүрээнд дэлхийн томоохон нисэх онгоцны буудлуудад дээрх төрлийн кофе шофыг ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.