Шинэ мэдээ

Эмгэнэл

Дагвадоржийн Тунгалаг

(1954-2022) 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан, Монгол Улсын гавьяат хуульч Дагвадоржийн Тунгалаг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Тунгалаг нь 1954 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, 1982 онд Монгол Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. 1973-1980 онд нийслэлийн 45 дугаар сургуульд химийн лаборант, 1980-1982 онд Октябрийн районы шүүхэд нарийн бичгийн дарга, 1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч, 1992-1993 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга, 1993-2015 онд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, 2020 оноос Монгол Улсын дээд шүүхийн Eрөнхий шүүгчийн Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

Д.Тунгалаг улсад 44 жил, үүнээс шүүхэд 37 жил, шүүгчээр 33 жил, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр 22 жил ажиллахдаа Монгол Улсын Үндэсний эрх зүйн тогтолцоонд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нутагшуулах, иргэний хэргийн шүүхийг төлөвшүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-гийн тусламжаар хэрэгжсэн “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагч, Шүүхийн eрөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар 2010 оноос өдгөөг хүртэл ажиллахдаа иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулж, манлайлсан юм.

Д.Тунгалаг нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр мэдлэгтэй, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгчдийн нэг байв.

Тэрээр Шүүхийн eрөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, хуульчдаас шүүгчдийг шилж олох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, ‘Монгол Улсын гавьяат хуульч” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд болон “Шүүхийн тэргүүний ажилтан”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгүүд, Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн eрөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг” зэргээр тус тус шагнажээ.

Д.Тунгалагийн хүнлэг нөхөрсөг, эгэл даруу, эeлдэг зөөлөн, бүтээлч хөдөлмөрч, ухаалаг зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version