Нийгэм

Замын шинэчлэлд ААН-үүд идэвхтэй оролцож байна

Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй. Энэ хүрээнд хүн амын нягтаршил, хөдөлгөөний ачаалал ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос замын шинэчлэлийн ажил эхэлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Их сургуулийн гудамжны явган зам болон дээрх 26-р хороонд ажиллалаа. Тус хорооны замын шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-н гэхэд бүрэн дуусгахаар зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Замын шинэчлэлийн ажилд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна. Нийтийн эрх ашгийг хангах хүрээнд зам талбайг өргөсгөх, чөлөөлөх ажлыг захирамж, хуулийн хүрээнд хийх болно. Аж ахуйн нэгжүүдэд, төрөөс явуулж буй ажлыг дэмжиж, олон нийтийн эрх ашгийг хамгаалахад хамтарч оролцохыг хүсмээр байна. Төрийн зүгээс дарамт, хүнд суртал үзүүлэхгүй. Бид бүх түвшинд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа.

Улаанбаатар хотод стандарт тогтоох амаргүй сорилт бидний өмнө тулгарч байна. Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буй. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, дугуйтай зорчигчид саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг Улаанбаатар хотын иргэд дэмжиж, санаачилгатай ажиллаж байгаад удирдлагын хамт олон их урам авч байгаа. Иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээж авч, хурдтай ажиллахаа илэрхийлье. Нийслэлийн 1800-1200 нэгдсэн лавлах дугаарт хандвал бид цаг тухайд нь ирсэн мэдээллүүдийг боловсруулж холбогдох удирдлагуудад чиглэл өгч ажиллана. Улаанбаатар хотод иргэдийн оролцоо чухал гэлээ.

1.5 МЕТР ӨРГӨНТЭЙ ЯВГАН ЗАМЫГ 3-5 МЕТР БОЛГОН ШИНЭЧИЛЖ БАЙНА

Замын шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Тус газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа “Явган хүний  болон дугуйн замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Бага тойруу орчимд есөн ажил төлөвлөсөн. Үүнээс 4-5 ажлын зураг төсөл гарсан. Манай байгууллага зураг төслийн хүрээнд дөрвөн ажлыг гүйцэтгэж байгаа.

Хамгийн өндөр ачаалалтай байршлуудаас эхэлж замыг шинэчилж байна. Замын нөлөөлөлд аж ахуйн нэгжүүдийн үүдний довжоо, сурталчилгааны самбар, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ зэрэг байгууламжууд өртөж  байна. Энэ нь ажил удаашрах шалтгаан болж байгаа. Харин иргэд замын шинэчлэлийг дэмжиж байна. Явган хүний зам алхахад ямар ч саадгүй, өргөн цэлгэр байхаар төлөвлөсөн. Ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Мөн Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын инженер Л.Цэрэндорж “Баянзүрх дүүргийн 26-р хороонд  6800 метр квадрат  явган замын шинэчлэлийн ажил хийгдэхээс 50 хувийн гүйцэтгэлтэй буюу 3400 метр квадрат талбайг шинэчилсэн байна.

1.5 метр өргөнтэй, явган хүн зорчиход хүндрэлтэй байсан талбайг 3-5 метр өргөн болгон шинэчилж байгаа. Мөн явган замын бүх орц, гарцуудаар тэргэнцэртэй иргэд аюулгүй зорчиж болохоор нэг түвшний рамп хийж байгаа. Газар чөлөөлөхөөр одоогийн байдлаар 27 аж ахуйн нэгжтэй тохиролцсон” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version