“Цахим сонгууль” гурван талт зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо хамтран энэ сарын 5,6-ний өдрүүдэд “Цахим сонгууль” сэдэвт гурван талт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.
Талуудын 2020, 2021 онд хийсэн өмнөх 2 уулзалтаар сонгогчдын боловсролд зориулсан сургалт, судалгааны болон бүс нутгийн ажиглагчийн төв байгуулах, залуучуудын улс төрийн оролцооны асуудлыг хөндөн хэлэлцсэн юм.
Тэгвэл хамтын ажиллагааны 3 дахь зөвлөлдөх уулзалтын үеэр Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүн орнуудын туршлагыг солилцохоос гадна Монгол Улсын сонгуульд тулгарч буй сорилт, цахим сонгуулийг Монгол улсад нэвтрүүлэхэд анхаарах асуудал, боломж, сонгогчдын боловсрол, нөлөөллийн асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цаашид сонгогчийн боловсролд зориулсан үйл ажиллагааг тогтмол, өргөн хүрээнд явуулах, цахим сонгуулийн талаар суурь судалгаа хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.