Алба хаагчдад амины орон сууц, гэр гардуулан өглөө
Төв аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажилласан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч О.Нямдаваа, Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Т.Батжаргал нарт амины орон сууц болон таван ханатай гэр гардууллаа.
Тус газар нь хамт олны дотоод нөөц боломж, хөдөлмөр зохицуулалт, оновчтой шийдэл, шинэлэг санаачлагаараа 2013 онд 28 айлын зуслангийн сууц, 2014 онд 12 айлын орон сууц, 2016 онд 10 айлын жишиг хашаа, 2020 онд 12 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, нийт алба хаагчдын 80 орчим хувь нь амины хашаа байшин, орон сууцанд амьдарч байна гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.