Орон нутагЗасгийн газарОнцлох

Хилийн боомтуудыг төмөр зам, авто замаар үе шаттайгаар бүрэн холбоно

 
Эрхэм Хан Хэнтийчүүд ээ,
Энд хуран цугласан хүндэт зочид төлөөлөгчид өө,

Өнөөдөр Чингис хот – Бэрх хоттой 70 км хатуу хучилттай автозамаар холбогдож байна. Мөн өнөөдөр Бэрх хот-Батноров сум, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдох 318.3 километр үргэлжлэх замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Цаашид Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-г БНХАУ-тай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёрдахь эдийн засгийн коридори байгуулагдах болно оо.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бол хоёр хөрштэй холбогдох тээвэр логистикийн зангилаа бүс нутаг юм. Тиймээс Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо  төмөр замын бүтээн байгуулалт, Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу, Сүмбэр зэрэг боомтуудыг автозамаар холбох ажлыг үе шаттай зохион байгуулах бөгөөд Чойбалсан нисэх буудлыг зүүн бүсийн 4С зэрэглэлийн олон улсын агаарын замын боомт болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.


 
Ингэснээр зүүн бүс нутгийн өрсөлдөх чадвар хоёр дахин нэмэгдэж, экспортын эргэлт, эдийн засгийн тэлэлт, Түүхэн аялал жуулчлалд томоохон хувь нэмэр орох суурь нөхцөл бүрдэх болно.

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Өмнөдэлгэр сум, Дэлгэрхаан сум, Биндэр сум, Баян-Адарга сум, Дадал сум зэрэг Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн түүхэн газар нутгийг холбосон дэд бүтцийг байгуулах, автозамаар холбох, олон улсын жишигт нийцсэн ашиглалтын менежмент нэвтрүүлж, хадгалах хамгаалах ажлыг үе шаттай зохион байгуулах болно. Энэ нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн 860 жилийн ойг бүтээн байгуулалтаар угтсан түүхэн үйл хэрэг болох болно.

Монгол Улс далайд гарцгүй орон. Хэдхэн хоногийн өмнө Монголчууд бид аймгийн төвүүдээ нийслэл Улаанбаатар хоттойгоо бүрэн холбож Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозамыг ашиглалтад оруулж чадлаа.
 
Харин өнөөдөр түүхийн нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол Улс бүх боомтоо автозамаар холбох томоохон зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлсэн эхний 70 км автозамыг хүлээн авч буй түүхийг Бэрхчүүд маань бүтээж чадлаа.
 
Өмнө нь 2-3 цаг явдаг байсан замыг бид нэг цагийн дотор туулж цаг хэмнэж, машин техникийн эвдрэл гэмтэл багасна.
 
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нийт боомтуудаа автозамаар, стратегийн чухал ач холбогдолтой боомтуудаа төмөр замаар холбох нь экспорт, импортын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, ачаа тээврийн эргэлтийг сайжруулах боломжийг бүрдүүлэх болно.
 
Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд бид ярьдаг билээ. Монгол Улсын Засгийн газар аймаг бүхэн өөрийн төсвийг бие даан бүрдүүлж, орон нутаг бие даан хөгжих бодлогыг бүх талаар дэмжиж, орон нутгийн идэвхтэй оролцоонд тулгуурлан төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
 
Алтан шар зам өлзийтэй байж, Их эзэн Чингис хааны сүр хүч, сүлд хийморь Монгол орныг минь өнө мөнх тэтгэх болтугай.
 
Та бүхэндээ удахгүй тохиох Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version