УИХГадаад харилцааОнцлох

АНУ-ын Конгрессын төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Амeрикийн парламентын бүлгийн дарга Ц.Мөнх-Оргил өнөөдөр (2022.06.30) АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Олонхын бүлгийн дарга Хойерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Марк Йоззи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ дахь Монгол-Амeрикийн парламентын бүлгийн дарга Ц.Мөнх-Оргил ноён Марк Йоззи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаад баяртай байна гээд манай оронд тавтай зочлохыг хүсэв. Тэрбээр, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэж, өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болсон. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжиж, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байна. Энэхүү ойн жилд манай хоёр улс хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгаж, цаашид Стратегийн түншлэлээ бэхжүүлж, улам бүр өргөжүүлэх, ялангуяа хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн, хоёр талын хөгжилд хувь нэмэртэй, бодит, харилцан ашигтай ажлыг хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна гэлээ.

Зөвлөх Марк Йоззи Монгол-Амeрикийн парламентын бүлгийн даргатай уулзаж байгаад баяртай байна гээд бид Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг дэмждэг. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн хугацаанд нягт холбоотой ажиллаж ирсэн бөгөөд КОВИД-19 цар тахлын дараах үеийн эдийн засгийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Компакт гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахын төлөө байна гэв.

УИХ дахь Монгол-Амeрикийн парламентын бүлгийн дарга Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр баригдаж ба Улаанбаатар хотын хувьд амин чухал ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд тусламж үзүүлж байгаад дахин талархал илэрхийлэв.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version